Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар О.Батнайрамдалыг сонголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хороо энэ сарын 13-нд хуралдав.
Хуралдаанаар түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “Түр хорооны даргаар түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг томилж ажиллуулах бөгөөд уг гишүүн өөрөө татгалзсан тохиолдолд түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоо түр хорооны даргаа олонхын саналаар сонгоно. Түр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасан. Энэ дагуу түр хороог байгуулах саналыг анх санаачилсан УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг УИХ-ын гишүүн С.Зулпхар гаргав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан тодруулга хийж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байна.