БНХАУ-д коронавирусний хоёр дахь давлагаа үүсэх магадлалтайг анхааруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д коронавирусний хоёр дахь давлагаа үүсэх магадлалтай байгааг тус улсын Өвчин судлалын төвөөс анхааруулж, Бээжин хотын аялал жуулчлалыг зогсоох болжээ.
Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэхдээ, “БНХАУ-д өчигдөр буюу энэ сарын 13-нд коронавирусний 57 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 38 нь дотоодын халдвар бөгөөд 36 нь Бээжин хотод байгаа юм. Үлдсэн 2 иргэн нь Янина мужид бүртгэгдсэн ч Бээжин хотод коронавирусээр халдварласан байжээ. Дээрх халдвар авсан хүмүүс бүгд Бээжингийн Фөнтай дүүрэгт байрладаг “Шиньфади” хүнсний захтай холбоотой байжээ. Тиймээс БНХАУ-аас уг зах болон түүний ойролцоох 11 байрыг хааж, 10 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулах болсон” гэлээ
.
Дэлхийн хэмжээнд 7 сая 853 мянган хүн коронавирусээр халдварласнаас 433 мянган хүн нас баржээ. Нийт 4 сая хүн эдгэрсэн бол 3.3 сая эмчлүүлж байгаа юм.
АНУ-д өнгөрсөн 24 цагт 22.3 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр тус улсад коронавирусээр халдварлсан хүний тоо 2 сая 38 мянгад хүрчээ. Бразиль Улсад 21.7 мянга, Энэтхэгт 11 мянган шинэ тохиолдол өнгөрсөн 24 цагт бүртгэгджээ.