85 жилийн хөдөлмөр бүтээн байгуулалтыг үнэлсэн үнэлэмж болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙСаяхан л “залхуу хочтой Өөдөлдөггүй Архангай” –хэмээн муу хэлүүлж, түүндээ гэм хийсэн аятай гэлбэлзэж явдаг байлаа. Харин, өнөөдөр Архангайн уугуул суугуул иргэд бид хэний ч өмнө нүүр бардам, хийсэн бүтээсэн зүйлээрээ төгс үзэсгэлэнт хангайгаа чимж болохоор боллоо.
Хүний сэтгэл тэнийж, өвсний соёо ногоорон дэлгэрэх цагийн эхэн, хөрст дэлхийд хур хайрласан 2016 оны тавдугаар сарын дөрөвний рашааны барилдлагат өлзийт сайн өдөр Цэцэрлэг хотноо өрлөг жанжин Г.Дэмидийн талбайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийг шагнасан төрийн дээд одон-Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан аймгийн хуран цугларсан зон олны өмнө хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.
Тэрээр, "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон бол төр улсынхаа шинэ түүхийг бүтээлцэж буй хүн бүрийн сэтгэлд хоногшсон зүтгэлийн шим, сэтгэлийн гэрэл юм. Энэ шагнал бол тус аймагт ажилласан ажиллаж байсан, одоо ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн байгуулсан гавъяа зүтгэл, олсон ололт амжилтыг өндрөөр үнэлж шагнасан, басхүү хойч үеийнхнийг улам их үйлсийг бүтээхийг ерөөж, урам хайрласан шагнал юм..” гэж хэлсэн үгэндээ онцлов.
Төрөлх Арын сайхан хангай нутаг минь өдрөөс өдөрт өргөжин тэлж өнгө нэмэн хөгжиж буй энэ үед Эх орныхоо түүхэнд анхлаж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоо гардан авах ариун үйл явдлын түүхийн гэрч болон үлдэж байгаадаа Архангайн иргэн бүр омогшиж байна.
“Зүрхэн хэлбэрт Булган хан уулынхаа энгэр өвөрт нь эрхлэн буй азлаг одлог Архангайхан ажил үйлс нь өөдрөг, улам их амжилтын эзэд болох нь гарцаагүй ээ” –гэж хэлсэн Эрдэнэмандал сумын уугуул, “Монголын радиогийн” гэх тодотголтой ахмад сэтгүүлч Самбуугийн Бараанасан хэлсэн юм.
“Нутаг минь хүнээрээ чимж
Хүн нь нутгаараа гоёдог” гэх үг санаанд буулаа.
Монгол Улсын төрийн дээд одон- Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон бол нутгийн зон олны минь 85 жилийн хөдөлмөр бүтээн байгуулалтыг үнэлсэн үнэлэмж бөлгөө.
Одонт аймаг болсон тэр өдөр Цэцэрлэг хотын төв талбайд дайчин эрсийн сүрт жагсаал болсноос гадна Монголын математикийн 52 дугаар олимпиад нээлтээ хийсэн байна.
1931 онд Цэцэрлэгмандал аймгийн голомтыг Архангай гэж болжээ.
Архангай аймаг Л.Булган