А.Навальный эмнэлгээс гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-24 14:12:59

МОСКВА. /Kommersant/. Берлин хотын “Шарите” эмнэлгийн эмч нар нэг сарын хугацаанд эмнэлэгт хэвтсэн Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг эмнэлгээс гаргажээ.


Түүний биеийн байдлыг хэвийн байна гэж эмч нар үзэж байгаа бөгөөд одоогоор А.Навальный физик эмчилгээ хийлгэж байгаа аж. Эмчилгээ хийлгэснийхээ дараа тэрбээр нутаг буцах бодолтой байна. Үүний зэрэгцээ Европын улс төрчид А.Навальныйг хордуулсан хэргийг мөрдөн шалгахыг Оросоос шаардаж байна. Харин Оросын эрх баригчид түүнийг хордуулсан гэх баталгааг ХБНГУ, Францаас авна гэж найдаж байгаа аж. 


Эмч нар А.Навальныйг бүрэн эдгэрэх боломжтойг үгүйсгэхгүй байгаа хэдий ч урт хугацаандаа үр дагавар илэрч болзошгүй гэж үзсэн хэвээр байна. Энэ тухайгаа тэрбээр өөрөө ч “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 


“Томск-Москва” хотын чиглэлд нислэг үйлдэж байсан онгоцонд сууж явсан А.Навальныйгийн бие тавгүйрхэж, 8 дугаар сарын 20-нд эмнэлэгт хүргэгджээ. Ухаангүй байдалтай байхад нь түүнд хиймэл амьсгалан аппарат залгасан байна. Хожим нь Оросын эмч нар түүний биеэс ямар нэгэн хортой бодис илрээгүй гэжээ. Харин 8 дугаар сарын 22-нд А.Навальныйг Германы Берлин хотын “Charite” эмнэлэг рүү шилжүүлээд удаагүй байхад эмч нар түүнийг хордуулсан гэж үзсэн байна. Түүнийг “холинестеразын дарангуйлагчид” хэмээх бодисын идэвхтэй бүлгээс гаралтай бодисоор хордуулсан болохыг шинжилгээний дүн нотолсон ч яг ямар төрлийн бодис гэдэг нь тодорхойгүй байна хэмээн тухайн үедээ Германы эмч нар мэдэгджээ. 

関連ニュース