Венец хотынхон Безосын хуримыг эсэргүүцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВЕНЕЦ, 2025 оны зургаадугаар
сарын 19 /BBC/. Венецийн идэвхтнүүд ирэх долоо хоногт болох Амазон компанийг
үүсгэн байгуулагч Жефф Безосын хуримыг эсэргүүцсэн цуврал ажиллагаа явуулж
байна.
Олон сая долларын өртгөөр зохион
байгуулах гэж буй уг нижгэр ёслолын үеэр эртний гайхамшигт Венец хотын зарим
хэсгийг бүрэн хаах гэж байгаа нь хотын иргэдийн дургүйцлийг төрүүлжээ.
Тэд Сан-Жоржо Мажоре сүмээс
Риальто гүүр хүртэлх зайд Безосыг эсэргүүцэн түүний хэвлэмэл зургуудыг өлгөснөөс
гадна хуримын ёслолыг тасалдуулахын тулд Венецийн сувгууд руу үсэрч орох, зочид хурим болох газарт очиход нь саад учруулахын тулд нарийхан гудамжуудыг хаахаар
төлөвлөж байгаа ажээ.
Италийн хэвлэлүүдэд бичсэнээр, дээд
зиндааны хэдэн зуун зочид, тэдний дотор Ким Кардашян, поп од Кэти Перри нар энэ сарын 23-28-ны өдрүүдэд Венецид хүрэлцэн ирж, Ариун
Маркийн талбайн эсрэг талын Сан-Жоржо аралд болох хуримын ёслолд оролцох бөгөөд
Венецийн бүх тансаг зочид буудлын өрөөнүүд ба усны таксинуудыг урьдчилан
захиалжээ.
Амазон компани ба сансрын
технологийн Блю Орижн компанийг үүсгэн байгуулагч, өдгөө 61 настай Жефф Безос дэлхийн
хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 3 дугаарт бичигддэг бөгөөд 220.9 тэрбум
долларын хөрөнгөтэй ажээ. Тэрбээр олон жилийн турш хамт
амьдарсан сүйт бүсгүй Лоран Санчестай хуримлах гэж байгаа юм.