Москва хотын дарга томоохон компаниудыг алсын зайн ажлын горим руу шилжихийг хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /BBC/. ОХУ-ын нийслэл Москва хотод зургааан сарын сүүлчээс хойш анх удаа нэг хоногийн дотор “Covid-19”-ийн халдварын 1000 гаруй тохиолдол илэрчээ. Тус хотод хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо өдөрт 30 орчим хувиар өссөн байна. ОХУ-д мөн өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо энэ намрын шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. Путин хаврын хязгаарлалтад буцаж орохыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн бол Собянин Москвагийн 5000 компанийг алсын зайн ажлын горим руу шилжихийг хүссэн байна.
Сүүлийн нэг хоногийн дотор ОХУ-д 149 хүн “Covid-19”-ийн халдвараар нас баржээ. Нас баралтын хамгийн олон тохиолдол Санкт-Петербург, (22 өвчтөн), Москва хот (15) болон Кемерово мужид (12) бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш ОХУ-д 19948 хүн нас барж, 929829 өвчтөн эдгэрчээ. Халдвар авсан нийт хүний тоо 1 128 836-д хүрчээ.
Москвад халдварын тохиолдол нэмэгдсээр
Пүрэв гаргийн байдлаар Москвад зургадугаар сарын 23-наас хойш анх удаа өдөрт илэрсэн халдварын тохиолдол мянга давж, 1050 болжээ. Нэг өдрийн өмнө 970 тохиолдол бүртгэгдэж байв. Есдүгээр сарын 15-нд 700 гаруй тохиолдол илэрсэн бол есдүгээр сарын 18-нд 800 давсан байна.
“Өнөөдөр бид дахиад 1000 гаруй шинэ тохиолдол бүртгэлээ. Гэсэн хэдий ч бид халдвартай тэмцэхэд шаардлагатай хүчин чадлыг бий болгосон" гэж коронавирустэй тэмцэх нийслэл хотын штаб мэдэгджээ. Тус штабынхны тооцоолсноор, өдөр бүр хэвтэн эмчлүүлж буй хүний тоо долоо хоногийн дотор 30 хувиар нэмэгдсэн байна.
Халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор коронавирустэй тэмцэх нийслэл хотын штабаас москвачуудад уулзах хүмүүсийнхээ тоог аль болох цөөлж, амны хаалт зүүх, ялангуяа олон нийтийн газар, тээврийн хэрэгсэлд явахдаа амны хаалт зүүхийг зөвлөсөн байна. “Эмнэлэгт хүргэгдэж буй хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдэж байгааг бид харж байна. Энэ бол тоглоом биш, байдал үнэхээр дордож байгааг харуулж байна” гэж Москва хотын дарга Сергей Собянин пүрэв гаргийн орой мэдэгджээ. Түүний хэлснээр, сүүлийн гурван долоо хоногт амьсгалын замын цочмог вируст халдвар болон томуугаар өвчлөгчдийн тоо гурав дахин нэмэгджээ.
Собянин компаниудаас алсын зайн ажлын горим руу шилжихийг хүсэв
Москва хотын дарга Сергей Собянин Сбербанк, “Яндекс” болон төрийн мэдлийн "Ростех" корпорац зэрэг компаниудын удирдлагуудаас ажилтнуудынхаа заримыг гэрээс нь ажиллуулахыг хүсжээ.
“Амьсгалын замын цочмог вируст халдварын улирал эхэлсэнтэй, мөн “Covid-19”-ийн өвчлөлийн динамик өөрчлөгдсөнтэй холбогдуулан үндсэн ажлын үйл явцад хохирол учруулахгүйгээр ажилтнуудаа алсын зайнаас ажиллуулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж, зөвлөж байна” гэж Собянин компаниудын удирдлагуудад илгээсэн захидалдаа дурдсан байна.
Ажилтнуудаа алсаас буюу гэрээс нь ажиллуулах зөвлөмж бүхий Собянины захидлыг Москвагийн 5000 гаруй компани хүлээж авна гэж тус хотын захиргааны хэвлэлийн албаны орлогч дарга Борис Булай мэдээлсэн байна. Улс орон дахь халдварт өвчний тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан "хүмүүс хоорондоо холбоо тогтоох боломжийг аль болох хязгаарлах" зорилгоор зөвлөмж илгээсэн гэж тэрбээр РИА Новости агентлагт мэдээлжээ.
Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
Москвагийн эрх баригчид өндөр настнууд болон архаг хууч өвчтэй хүмүүсийг дахин карантилах талаар хэлэлцэж байна гэж Интерфакс агентлаг эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.
“Аравдугаар сарын 1-нээс Москва хотын 65-аас дээш настай оршин суугчдад ажилдаа явахгүй, нийтийн унаанд суухгүй байхыг зөвлөнө. Харин салхилахад хязгаарлалт тавихгүй. Үүний зэрэгцээ томоохон компаниуд алсаас ажиллах горимд шилжинэ” гэж РИА Новости агентлагийн эх сурвалж мэдээлжээ. "Эдийн засгийг одоо эсвэл аравдугаар сараас хаахаар төлөвлөөгүй" гэж эх сурвалж нэмж хэлсэн байна.
Москвад хаврынх шиг хорио цээрийн хатуу дэглэм тогтоохгүй гэж тус хотын захирагчийн албаны харьяа байгууллагууд дахь ВВС-гийн хоёр эх сурвалж мэдээлжээ.