Ундны усны эх үүсвэрийг хос шугамтай болгох асуудлыг шийднэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоот, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарын хүмүүс энэ сарын 6-нд Цэцэрлэг хотын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Тухайлбал, Эрдэнэбулган сумын Булган хангай хороололд байрлах 88 айлын инженерийн байгууламжтай газар, Шинэ Наран хорооллыг төлөвлөсөн газар, иженерийн дэд бүтэцтэй гэр хорооллын айлуудаар орж танилцан, иргэдийн тохь тухтай амьдрах эхлэлийг маш сайн тавьсныг онцлон хэлж байлаа.
Мөн 7-р багийн цэвэр бохир шугамд холбогдсон, шинээр холбож байгаа айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцав. Сайдын зүгээс 1 болон 7 дугаар багийн үлдсэн айл өрхүүдийг цэвэр бохирын шугамд холбох талаар тавьсан аймгийн удирдлагуудын саналыг дэмжин ажиллахаар боллоо.
Дараа нь аймгийн
цэвэрлэх байгууламж, цэвэр усны Таруугийн эх үүсвэр зэрэг газраар орж, ажиллаж
буй нөхцөл байдалтай танилцан, Таруугийн эх үүсвэрт 2.2 км, ф250мм-тай хос
шугам, нэг гүний худаг, универсаль трактор зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхөөр
болсон юм. Ундны усны хос шугамтай болсноор аваар ослын үед ээлжлэн ажиллуулах
юм байна. Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар орж,
аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцан, барилгын материалын
лабораторийг бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөө барилгын техник хяналтын зардлаасаа
авахыг ГХБХБГ-т үүрэг болголоо.