Хавдрын эрт илрүүлэг төвд 2.6 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-12 13:25:27

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ-ын гишүүн, БСШУС-ын Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Соёлын сайд С.Чулуун, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар Архангай аймагт энэ сарын 11-ний өдөр ажиллалаа.

Ажлын хүрээнд Эрдэнбулган сумын 960 хүүхдийн суудалтай 2-р сургууль, хоногт 3000м3 бохирыг цэвэрлэх хүчин чадал бүхий бохир усны цэвэрлэх байгууламжтай танилцсан юм. Тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатар дагалдан яваа хүмүүсийн хамт Архангай аймагт барьж буй “Эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсролын төв”-ийн барилгын явцтай танилцаж, төвийн үйл ажиллагааны зардал, 6 төрлийн хавдрын эрт илрүүлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, нүүдлийн иж бүрэн амбулаторийн зардал нийт 2.6 тэрбум төгрөгийн төсвийг 2021 онд эхний ээлжинд анхаарч шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ. Эрт илрүүлгийн энэ төвийг ашиглалтад оруулснаар ирэх 4 жилд “Хавдрын аюулгүй Архангай” болох зорилт дэвшүүлээд байгаа талаар тус төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар ярилаа.

Энэ төв нь ирэх 11-р сард ашиглалтад орох бөгөөд аймгуудаас анхных болох юм. 

Дараа нь аймгийн иргэд болон төрийн албан хаагчидтай уулзаж, энэ он болон ирэх онуудад барих томоохон хөрөнгө оруулалтын ажлуудын мэдээлэл өглөө. Тухайлбал, дулааны станц, 300 ортой эмнэлэг, спортын ордон зэрэг томоохон ажлуудаас дурдсан юм. Спортын ордон барихдаа ахмадуудын хөгжлийн төвийг хамт байгуулах талаар судлахыг УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд чиглэл болгосон.

関連ニュース