БНСУ Умардын холбоотнуудад дипломат шахалт үзүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Koreajoongangdaily/. БНСУ Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хязгаарлах зорилгоор тус улстай найрсаг харилцаатай байдаг орнуудад дипломат байдлаар шахалт үзүүлж байна.
Энэ долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Умард Солонгостой найрсаг харилцаатай байдаг, мөн тус улстай цэргийн харилцаатай, зэвсгийн наймаа хийдэг хэмээн хардагддаг Этиоп, Кени, Уганда зэрэг орнуудад айлчилна.
Сүүлийн үед Уганда улс Умард Солонгостой цэргийн салбарт хамтран ажиллаж байгаа тухай НҮБ-ын Шинжээчдийн зөвлөлөөс Аюулгүйн Зөвлөлд танилцуулсан тайланд дурджээ.
Этиоп ч мөн адил 1980-аад онд Умард Солонгостой байгуулсан батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааныхаа хүрээнд тус улстай зэвсэг худалдаалах гэрээ байгуулсан гэх асуудалд орооцолдоод байгаа юм. Үүнээс гадна 2015 оны тайланд, Умард Солонгосын зэвсгийн худалдааны хамгийн том корпораци болох “Komid”-оос зэвсэг худалдан авахыг хориглосон заалтыг Этиоп зөрчсөн тухай онцолжээ.
Умард Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, хоёрдугаар сард алсын тусгалтай пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гуравдугаар сарын 2-нд 2270 тоот тогтоол баталж, Умард Солонгост хатуу хориг арга хэмжээ авсан билээ.
БНСУ энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд Вашингтон хотноо гуравдугаар сарын 31-нд болсон Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзалт хийх зэргээр Умард Солонгосын гол холбоотон БНХАУ-тай хийж буй хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Үүний дараагаар дөрөвдүгээр сарын сүүлээр Бээжин хотноо болсон “Азид хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх асуудлаарх бага хурал”-д /CICA/ БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бен Се оролцсон билээ.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Пак Гын Хэ энэ сард Умард Солонгостой нөхөрсөг харилцаатай бөгөөд тус улстай пуужин болон цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллаж байна гэсэн хардлагад өртөөд байгаа Иранд анх удаа айлчилж, Умард Солонгосын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд туслахыг хүссэн байна. Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Пак Гын Хэтэй хийсэн уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ “Солонгосын хойгт цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг Иран улс эсэргүүцдэг” гэжээ.
Үүнээс төдий удалгүй Пак Гын Хэ өнгөрсөн пүрэв гарагт Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Сөүл хотноо уулзсан бөгөөд хоёр орны удирдагчид Умард Солонгосын цөмийн асуудлыг хэлэлцсэн байна. Олон улсын хориг арга хэмжээг дагаж мөрдөхийг Умард Солонгост Монгол Улс уриалсан гэж Ц.Элбэгдорж мэдэгдээд, Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоход чиглэсэн БНСУ-ын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр хоёр Солонгосыг нэгтгэх нь Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох цорын ганц арга зам гэдэгтэй санал нэг байгаагаа дурджээ.
Монгол нь Умард Солонгостой дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг бөгөөд хоёр улс найрсаг харилцаагаа хадгалсаар ирсэн юм. Ц.Элбэгдорж бол Ким Жөн Уны дэглэмийн үед Умард Солонгост айлчилсан гадаад улсын төрийн тэргүүн нарын нэг юм.
2013 оны 10 дугаар сард тэрбээр Умард Солонгост айлчилж, Ким Ир Сений нэрэмжит их сургуульд лекц уншихдаа “ямар ч дарангуйлал үүрд мөнх оршдоггүй” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр Монгол Улс цөмийн зэвсэггүй бөгөөд цаазын ялыг халсан” гэж дурдсан нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлсөн байна.
Пак Гын Хэ энэ сарын 25-28-нд Этиопт, 28-30-нд Угандад, 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 1-нд Кенид айлчлах бөгөөд үүний дараа Францыг зорьж, тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай цөмийн асуудлаар хэлэлцээ хийх ажээ.
Д.Нямтулга