Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-23 13:02:55

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын ИТХ-аар сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. 

Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь 4 бүлэг, 15 дэд бүлэг, 107 зорилттойгоор боловсруулжээ. Үндсэн зорилго нь төрийн үйлчилгээг шинэлэгээр иргэн бүрд тэгш хүртээмжтэй, нээлттэй ил тод, хөнгөн шуурхай хүргэх, өрх, гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хот суурин газрыг иргэд олон түмний оролцоотойгоор, төлөвлөлтийн үндсэн дээр хөгжүүлэх, Үндсэн хуулийн шинэ үзэл санааны зарчимд нийцүүлэн шинээр батлагдах Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэггж, түүний удирдлагын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудын агуулгад бүрэн нийцүүлэн, хотын удирдлагын менежментийг шинэ шатанд гаргах, дэлхий нийтэд тархсан цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг бууруулах, даван туулах зэрэгт голлон анхаарчээ.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Архангай аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” дунд хугацааны бодлогын баримт бичиг, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын МАН, АН-ын мөрийн хөтөлбөр, мөн сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн санал, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг уламжлалт болон цахим хэлбэрээр хүлээн авч ангилж нэгтгэн, төрөлжүүлж хөтөлбөрт тусгажээ.


関連ニュース