Архангай аймгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-31 17:31:49

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нар нутгийн зон олондоо МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ 


Эрх чөлөөт Ардчилсан Монгол Улсын нийт иргэддээ болон Арын сайхан хангай нутгийн зон олондоо айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе.

Өнгөрсөн өдрүүдэд аймаг орноо хөгжүүлэх, ард иргэдээ ая тухтай амьдрах нөхцөл боломжийг авчирч, хөгжилд хөтлөх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг, аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар баталлаа.

Ирэх он жилүүдэд эрүүл мэндийн салбараа бэхжүүлж чадавхжуулах, үйлчилгээг чанартай, шуурхай хүртээмжтэй болгох, өрсөлдөх чадвартай боловсролыг олгоход бодлогоо чиглүүлж, монгол хүний хүмүүжил, хэл соёл, ёс заншил өв уламжлалыг дээдэлсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хөтөлбөртөө багтааж төлөвлөлөө. Мөн манай аймгийн эдийн засгийн үндэс болсон мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбар, аймгийн нөөц боломжид тулгуурлан жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, өрх бүрийг үйлдвэрлэгч болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилт тавин, ирэх дөрвөн жил иргэн бүрийн оролцоог хангасан эдийн засаг, нийгмийн дэвшилд хүрсэн он жилүүд байх болно.

Цаашид төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чадварлаг болгож, орон нутгийн чанартай зам гүүрийг засч, Цэцэрлэг хотод дулааны цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, иргэдийг орон сууцжуулах, ногоон байгууламж байгуулж, иргэдийг ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангах зэрэг хямралыг давж, хөгжлийг авчрах олон олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид төлөвлөөд байна. 

Мөн Архангай аймагт халдварын тохиолдол бүртгэгдсэн хэдий ч богино хугацаанд шуурхай ажиллаж голомтыг хумьж чадсан Аймгийн Онцгой комисс, холбогдох албаны ажилтан, алба хаагч нартаа ард иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Бид ирэх өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, иргэн бүр хариуцлагатай байснаар, цар тахлын хүнд цаг үеийг даван гарч, нутаг усаа, элэг нэгт ахан дүүсээ хамгаалж чадах билээ. Иймээс цаашид ч мөн адил анхаарал болгоомжоо үл сулруулж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг энэ цаг үед дахин уриалж байна.

Ийнхүү ирж буй шинэ ондоо хүн бүрийн хүсэл мөрөөдөл, зорьсон зорилго бүхэн тань биелж, гэр бүлээрээ эрүүл энх, элбэг дэлбэг, төр түмнээрээ түвшин жаргалаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

関連ニュース