Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан аймгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-13 11:41:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ дарга, Засаг дарга  ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан мэндчилгээндээ, "Та бүхэндээ Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойн мэндийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Үндсэн хууль боловсруулах, батлах үйл явц амаргүй, хүнд хэцүү байсан ч бид улс үндэстнийхээ язгуур эрх ашгийнхаа төлөө, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө, дэлхий нийтийн хамтын хөгжил дэвшлийн төлөө хамгийн зөв сонголтыг хийж, зөвшилцөлд хүрч, хамтын хүсэл эрмэлзлээ илэрхийлж чадсан юм.

Иймд энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан сум орон нутгийнхаа хөгжлийн түүхийг бүтээлцэж, үнэтэй хувь нэмрээ оруулсан Ардын Их Хурлын депутатууд, түүний гэр бүл үр хүүхдүүд, ахмадууд, Хурал, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд, ард иргэдэд чин сэтгэлийн талархал, хүндэтгэл илэрхийлж Үндсэн хуулийн баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье" хэмээжээ.

Харин аймгийн Засаг дарга Д.Бауыржан, «Хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их хурлаас жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэж энэ жил 29 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Түүх сөхвөл өнөөгийн шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон хуульчлан баталсан билээ.

 Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийг батлахад нутгийн төлөөлөл болж оролцсон Улсын бага хурлын гишүүд, Ардын их хурлын депутатууд, эрдэмтэн судлаачид, нийт иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Төр нь иргэнээ эрхэмлэн, иргэн нь төрөө дээдэлж, айл өрх бүр тэгш боломжоор хангагдаж сайн сайхан амьдрах өлзийтэй ерөөлийг өргөе" гэжээ.

 

関連ニュース