Умард Солонгост шахалт үзүүлсээр байх болно гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-06 17:42:49

СӨҮЛ. /NHK/. Умард Солонгос цөмийн зэвсэггүй улс болох хүртэл тус улсад бид шахалт үзүүлсээр байх болно гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ мэдэгдлээ.

Өнөөдөр Солонгосын дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ Сөүл хотын үндэсний оршуулгын газарт болж, түүнд Пак Гын Хэ оролцон үг хэлсэн байна.

Пак хэлэхдээ “өнгөрсөн сард болсон Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын их хурлын үеэр тус улс өөрийгөө цөмийн зэвсэгтэй улс гэж зарласан ба цөмийн зэвсэггүй улс болох, цөмийн туршилт хийхгүй байхыг уриалсан мэдэгдлийг тус улс хүлээн авахаас эрс татгалздаг” гэжээ.

Умард Солонгосын цөмийн хөтөлбөр нь Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч буруушаасан байна.

Умард Солонгос цөмийн зэвсгээс татгалзах сонголт хийж, яриа хэлэлцээг дахин эхлүүлэх хүртэл тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, шахалт үзүүлэх зорилгоор манай Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллана гэж тэрбээр мэдэгджээ.

Парламентад олонхын суудлыг эзэлдэг сөрөг хүчний эвслээс дэмжлэг авахын тулд Пак ийм мэдэгдэл хийсэн байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Хөдөлмөрийн намын их хурлын дараа Умард Солонгос баллистик пуужин харвасан боловч амжилтгүй болсон юм. Үүний зэрэгцээ, хоёр Солонгосыг нэгтгэх арга замуудыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ тус улс илэрхийлж байсан билээ.

Г.Доржханд

 




 

 

関連ニュース