Эмч, эмнэлгийн ажилтнууд гол, нуурын дагуу эргүүл хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу төрийн байгууллагууд сар бүрийн нэг өдөр Буянт гол болон Хар-Ус, Дөргөн нуур, Мянгадын гүүр орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Хуваарийн
дагуу нэгдүгээр сарын 31-нд Бүсийн
оношилгоо, эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд эргүүл, хяналт шалгалтын
үүрэг гүйцэтгэлээ.
Энэ
үеэр коронавирусний халдвараас сэргийлэх, мэргэжлийн
байгууллагаас өгсөн зөвлөмжийг мөрдөх, хүүхдийг аливаа осол, эрсдэлээс
хамгаалах талаар зөвлөмж танилцуулав.
Мөн
Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу яриа таниулга хийж, энэ
чиглэлээр боловсруулсан зургаан төрлийн зөвлөмж, санамж, анхааруулгыг нийт 52
өрхийн 416 иргэнд тараан олгожээ.
Түүнчлэн
автомашинаар чарга чирж хүүхдээ тоглуулж байсан дөрвөн иргэнд анхааруулга өгч, чанга яригчаар хүүхдэд тавих хараа хяналтыг
сайжруулах, эцэг эхийн үүрэг хариуцлагаа өндөржүүлэх чиглэлээр мэдээлэл хийжээ.
Мөн
тухайн нөхцөл байдлыг фото зургаар баримтжуулан, нэгдсэн дүнг Цагдаагийн газрын
ерөнхий жижүүрт илтгэх хуудсаар танилцуулсан гэж албаны эх
сурвалж мэдээллээ.


