Латви төмөр замаа төмрийн хаягдлын үнээр зарна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /Риа Новости/. “Латвийн төмөр зам”
дөрвөн мянга гаруй тонн төмрийн хаягдал дуудлага худалдаанд тавина. Тодруулбал,
төмөр зам, төмөр замын шугамын элементүүд, хөдлөх бүрэлдэхүүний бэхэлгээ,
зангилаа, эд ангиудыг худалдах аж. Эдгээр эд ангиудын үнэ дуудлага худалдаанд нэг тонн нь 230
еврогоос эхэлнэ. Латвийн төмөр зам олон
зүтгүүр, вагон, үл хөдлөх хөрөнгө бүхий объектуудыг зарж борлуулснаас гадна ажилтнуудынхаа дөрөвний
нэгийг нь албан тушаалаас нь чөлөөлжээ. Нэг талаас Латвийн эрх баригчид дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зогсоохгүй
байхыг Оросын эрх баригчдаас хүсэж байгаа ч нөгөөтэйгүүр тэднийг бухимдуулах бүхнийг хийж
байна.
Том асуудлууд
Нэгэн цагт ашигтай
ажилладаг байсан “Латвийн төмөр зам”-д томоохон асуудлууд тулгарч буй нь 2019
оны эцсээр тодорхой болжээ.
“Албан бус мэдээллээс
үзвэл, Оросын ачигчид Засгийн газартай Латвийн төмөр замын боомтоор дамжин
өнгөрөх ачааны урсгалыг багасгах хуваарьт гарын үсэг зуржээ. Энэ удаад асуудал маш
нухацтай хөндөгджээ.
Үүнийг бид одоо л ойлгож байна. Ачааны
хэмжээ тун
бага байгаа бөгөөд 9 сарын хугацаанд буурсан. Тэр тусмаа бидний ганц найдвар
байсан нүүрс тээвэрлэлтийн үзүүлэлт тун тааруу байна” хэмээн Латвийн төмөр
замын газрын захирал Юрис Иесалниекс телевизэд ярилцага өгөх үеэрээ мэдэгдсэн
байна.
Иесалниексийн мэдэгдсэнээр,
Зам тээврийн яам зардлаа хянахыг “Латвийн төмөр зам”-д үүрэг болгожээ. Түүнчлэн
нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх зардлыг нөхөх 15.8 сая еврог тооцохгүйгээр
санхүүгийн тэнцвэрийг хангахын тулд 25 сая еврог улсын төсвөөс гаргахыг хүсжээ.
Харин компани ойрын саруудад 1500 ажилтнаа халах шаардлагатай болсон нь нэгдүгээр
сард тодорхой болсон байна. Цомхотгол хэнээс эхлэх нь тодорхойгүй байсан ч тэнд олон
хүүхдийн аав, олон аавын хүүхэд хэдэн арван жилийн туршид ажилласан нь үнэн юм.
“Латвийн төмөр зам”
өнгөрсөн оны эхээр цахилгаанжуулалтын төслөө зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.
Энэ нь өрсөлдөх чадварт нь томоохон цохилт болсон хэдий ч өөр арга зам
байсангүй. Цаашлаад Даугавпилсийн сортлох станцын хөгжлийн төлөвлөгөөнөөс
татгалзжээ. Нөхцөл байдал улам дордож, өнгөрсөн оны 7 дугаар сард гайхшруулсан
тоо үзүүлэлтүүд гарчээ. Латвийн төмөр замын ачаа тээврийн эхний хагас жилийн үзүүлэлтийг 2019 оны мөн
үеийнхтэй харьцуулахад хоёр дахин буурч, 11563 сая тоннд хүрчээ. Энэ үед ачааны
урсгалын дийлэнх хэсэг нь буюу 70.4 хувийг Оросын түншүүд бүрдүүлдэг байсныг
ойлгох хэрэгтэй.
Латвийн төмөр зам шаардлагагүй болсон хөрөнгөөсөө салах хэрэгтэй болов. Дуудлага худалдаанд тавигдсан 13 дизель хөдөлгүүрт зүтгүүрийн үнэ 878 мянган еврогоос эхэлжээ. Харин Латвийн төмөр замын охин компани “LDz Cargo” наймдугаар сарын дундуур 200 ачааны вагоныг нээлттэй дуудлага худалдаанд оруулсан байна. Түүнчлэн Латвийн төмөр замын эзэмшдэг 46 автомашиныг зарахаа мэдэгджээ. Мөн Елгава хотын төмөр замчдын бригадын амралтын газрыг дуудлагаар худалдаалж, Латвийн төмөр замын эзэмшилд байдаг газрын түрээсийг өсгөсөн байна.
Төмөр замаа төмрийн хог хаягдлын үнээр зарах нь
Латвийн Зам тээврийн сайд Талис Линкайтс оросуудтай холбоо барихаа
үгүйсгэсэнгүй.
“Бид тээвэрлэлт хийх, дэд бүтцээ ачаалалтай байлгах сонирхолтой байна. Төлөвлөгөөг
ажил хэрэг болгохын тулд бид янз бүрийн сувгийг оролцуулан чадах бүхнээ хийж
байна. Энэ бол бидний нийтлэг зорилт” хэмээн Линкайтс ярьжээ.
Үүнийг Гадаад хэргийн сайд Эдгар Ринкевич мөн дэмжиж үг
хэллээ. "Зам тээврийн
яамдын түвшинд шийдвэрлэх ёстой практик асуудлыг бид түүхийн, Крым, Украины
асуудлаарх улс төрийн хэлэлцүүлгээс
ялгаж салгах
хэрэгтэй” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Гэвч Латвийн Рига хотод 12 дугаар сарын 3-нд Оросын сэтгүүлчдийг
баривчилсан явдал ар араасаа гарчээ. Баривчлагдсан бүх хүнийг хотоос гарахгүй
гэсэн ам өчгийг нь урьдчилан авах нөхцөлтэйгээр суллажээ. Тэднийг "Россия
сегодня" олон улсын
мэдээллийн агентлагтай хамтран ажилласан хэмээн буруутгасан байна. Энэ
агентлагийг Европын Холбооны хоригийн жагсаалтад багтдаг Дмитрий Киселев
удирддаг аж. Иймд латвичууд сэтгүүлчдийг Европын хязгаарлалтыг зөрчсөн гэж
үзжээ.
Орос энэ явдлыг анхааралдаа авсан юм. Эрх баригчид хариу арга хэмжээ авах
боломжийг судална гэдгийг Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч
Мария Захарова анхааруулжээ.
Ийм үед Латвийн Тээврийн яам дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хэвээр нь үлдээхийг
Оросын Зам тээврийн яамнаас хүсэх нь утгагүй юм хэмээн Холбооны Зөвлөлийн
мэдээллийн бодлого, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтын
ажиллагааны комиссын дарга Алексей Пушков ярьсан байна.
Тийнхүү “Латвийн төмөр зам” эд хөрөнгөө дахин дуудлага худалдаанд оруулах
гэж байгаагаа нэгдүгээр сарын эцсээр мэдэгджээ. Санхүүгийн хүнд нөхцөл байдалд
буй компанийн хувьд хамгийн багадаа 989 мянган евро босгохоор төлөвлөж буй нь
чамлахааргүй дүн юм.