Цагаан алтны үнэ 2016 оноос хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. Нью-Йоркийн "Comex" биржийн даваа гаргийн арилжааны явцад нэг унц цагаан алтны үнэ 3.56 хувиар өсөж, 1173.3 ам.долларт хүрчээ.
Цагаан алтны үнэ хамгийн сүүлд 2016 оны наймдугаар сард нэг унц нь 1.17 мянган доллароос дээшилж өсөж байв. Арилжааны мэдээллээс үзвэл, Москвагийн цагаар 20:00 цагт /Улаанбаатарын цагаар 01:00 цаг/ цагаан алтны үнэ нэг унц нь 1181.4 ам.долларт хүрч, 4.27 хувиар өссөн байна.
Цагаан алтны үнийн өсөлт нь зах зээл дээрх суурь өөрчлөлтүүдтэй холбоотой байх магадлал бага бөгөөд харин алт, мөнгөний үнэ өсөж байгаатай, түүнчлэн хөрөнгө оруулагчид үнэлгээ багатай хөрөнгийг зах зээл дээрээс хайж буйтай холбоотой гэж шинжээчид үзэж байна.