Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонгол Улсын Их Хурлын сонгуулийн 24-р тойрогт буюу Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвшигч Чүлтэмийн Улаан, Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлтийн нэгдсэн арга хэмжээ МАН-ыг үүсгэн байгуулагч их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
95 жилийн түүхтэй, тулхтай, туршлагатай МАН-даа итгэл үзүүлэхээр Сүхбаатар нутгийн олон, олон гишүүд дэмжигчид хүрэлцэн иржээ.
2016 оны УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлтэнд нэр дэвшигчдээс гадна УИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, МАН-ын бага хурлын гишүүн Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан Л.Мөнхбат, 2004-2008 оны хооронд Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэцогт нарын хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.
Сүхбаатар аймгийн өнөөгийн хөгжил дэвшлийн эх суурийг бид хамтдаа эхлүүлсэн. Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт гээд нийгмийн бүхий л салбарт хөрөнгө оруулалтыг хийж чадсан бөгөөд түүний үр шимийг Сүхбаатарчууд одоо хүртэж эхэлж байгааг УИХ-ын 24-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Улаан хэлсэн юм.
Сүхбаатар аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшиж буй 33 нэр дэвшигчид бол хууль эрхзүй, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, хэвлэл мэдээлэл, эдийн засаг, хувийн хэвшил гээд салбар салбарын төлөөллүүдээс бүрдсэн. Энэ бол бидний маш том давуу тал гэдгийг Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга З.Энхтөр мөн нээлтийн үгэндээ онцоллоо.
УИХ болон ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр ИТХ-ын сонгуулийн 33 нэр дэвшигч батламжаа гардан авсан юм.
Т. Одончимэг