"Дэлхийн мөнгөний долоо хоног-2021" аяны нээлтэд сурагчид оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-24 11:07:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Дэлхийн мөнгөний долоо хоног-2021" аяны нээлтэд Есөнбулаг сумын ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид оролцов.


Тодруулбал, гуравдугаар сарын 23-нд Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын “Мазаалай” театрт зохион байгуулсан тус үйл ажиллагаанд Есөнбулаг сумын ЕБС-ийн 7-12 дугаар ангийн бүлэг тус бүрээс ангийн манлайлагч сурагчид нийт 100 гаруй хүүхэд хамрагдсан. Мөн үеэр оролцогчдод Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбар, Насан туршийн боловсролын төвөөс “Мөнгөө хэрхэн удирдах вэ”, “Зардал ба хуримтлал” сэдвээр мэдээлэл өгөв. 

Энэхүү аян нь хүүхэд, залуусыг бага наснаас нь санхүүгийн үндсэн ойлголт мэдлэгтэй болгох, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн оновчтой ухаалаг шийдвэрийг гаргаж сурах, гэр бүл болон нийгэмд мэдлэгээ хуваалцах үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг олон улсын арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл бага наснаасаа мөнгийг ухаалгаар зарцуулах, зөв хэвшил дадал, ур чадварыг бий болгохыг зорьдог. Өөртөө болон өрхийнхөө төсвийн хэрэгцээнд зориулан мөнгө хуримтлуул, хуримтлуулсан мөнгөө өсгө, мөнгийг олох зөв арга замыг судалж суралцан, мэдлэг боловсролтой болоорой гэсэн үүднээс энэ жил “Суралц-Хуримтлуул-Өсгө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж  байгаа тухай Говь-Алтай аймаг дахь Монголбанкны захирал А.Ганчимэг хэллээ.

Жил бүр уламжлал болон өрнөдөг энэ удаагийн аяныг Монгол банк, БШУЯ, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын Банкны холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын үндэсний төв, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан болон арилжааны банкууд хамтран энэ сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 12-ны хооронд өрнүүлэх ажээ.


Сонирхуулахад, Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 2021 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар 91,5 тэрбум төгрөгийн хугацаатай хадгаламж байгаа бол нийт 54253 хадгаламж эзэмшигч байна. 110 мянга орчим харилцах данс эзэмшигч байдаг. Цар тахалтай холбоотойгоор хадгаламжийн хэмжээ харьцангуй буураагүй тухай Говь-Алтай аймаг дахь Монголбанкнаас мэдээлэв.


関連ニュース