Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг дахин сунгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын гуравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний 06:00 цаг хүртэл сунгалаа.
Түүнчлэн хил залгаа Ховд аймагт коронавирусний халдвар батлагдсантай холбогдуулан Ховд аймгийн Дарви суманд хяналтын пост шинээр байгуулж, Хөхморьт, Баян-Уул, Дарви, Тонхил сумын орох-гарах хөдөлгөөнийг хязгаарлав. Мөн Улсын чанартай зам дагуух дэлгүүр, цайны газар, зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн хаалаа.
Гамшгаас хамгаалах өндөржүүлэх бэлэн байдлын хугацаанд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан хурал цуглаан хийх, албан томилолт, урлаг соёлын тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглов. Тус аймгийн Засаг даргын захирамжаар хойд бүсийн Хөхморьт, Баян-Уул, Дарви, Тонхил суманд ажлын хэсэг гарч холбогдох албаныханд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч ажиллахаар болжээ.