ЕХ Мьянмарын цэргүүдэд эдийн засгийн хориг авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-07 13:20:08

ПАРИС. /TASS/. Европын Холбоо ойрын хугацаанд Мьянмарын цэргийн хунтын гишүүдийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан мэдэгджээ.


“Хоёр сарын өмнө цэргийн эргэлт болсон Мьянмарт болж буй үйл явдал бидний дургүйцлийг төрүүлж байна. Цэргийн эргэлт гарснаас хойш Мьянмарт нөхцөл байдал улам дордож байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд цэргүүдийн гарт амиа алдсан хүмүүсийн тоо хэдэн арваараа нэмэгджээ. Энэ бол хамрах хүрээний хувьд ховор тохиолддог харгис дарамт шахалт юм” гэж Францын Гадаад хэргийн сайд ярив.


“Европын холбоо Францын санаачилгаар цэргийн эргэлтэд голлох үүрэгтэй оролцсон 11 хүнд арга хэмжээ авна. ЕХ-ны түвшинд батлагдсан эдийн засгийн хориг арга хэмжээг одоо Францын санаачилгаар өмнөх арга хэмжээнүүдэд нэмж оруулж байна. Учир нь нэг удаадаа хориг арга хэмжээ аваад өнгөрөх нь утгагүй. Энэ арга хэмжээ нь Мьянмарын цэргүүдийн эдийн засгийн ашиг сонирхлын эсрэг чиглэсэн. ЕХ-ны түвшинд төдийгүй Францын түвшинд Мьянмар дахь засгийн газрын хөтөлбөрөөс үзүүлдэг бүх тусламжийг зогсоосон. Үүнээс гадна Франц улс өнөөгийн хүнд нөхцөлд байдалд ард иргэдэд тусламж үзүүлэхийн тулд энгийн иргэд, хүмүүнлэгийн нийгэмлэгүүдэд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж байна” гэж Жан-Ив Ле Дриан хэллээ.


Түүнчлэн “Мьянмарын цэргүүдийн эдийн засгийн ашиг сонирхолд цохилт өгөх хэрэгтэй ч хүнд байдалд байгаа ард иргэдийн нөхцөл байдлыг дордуулахаас зайлсхийх хэрэгтэй. Бид ЕХ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны улсуудтай ийм чиг шугамыг баримтлах шаардлагатай” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.

関連ニュース