Т.Оюун: Хотон дээл оёход хялбар биш, их нарийн ажиллагаатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тариалан
сумын Хөхөө багийн өндөр настан Түмэнгийн Оюун хотон ястны дээл урладаг. Энэ талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таныг хотон ястны дээлийг их сайхан урладаг гэж сонслоо. Хэзээнээс анх оёж
эхэлсэн бэ?
-Би
сумынхаа цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа анх
хотон дээл оёж сурсан. 1990
онд манай цэцэрлэгийн ой болж энэ ажлын хүрээнд хамт олонтойгоо хамжаад
ахлах бүлгийн
30 хүүхдэд эмэгтэй 15,
эрэгтэй 15 хотон
дээл оёсон нь их аятайхан болсон. Түүнээс
хойш цэцэрлэгийнхээ бүх
ангийн хүүхдүүдийг хотон дээл хувцастай болгож байлаа.
Манай сумынхан үндэсний бий биелгээгээ
хотон ястны хувцсаа өмсөөд хийдэг. Бий
биелгээ бидний
хамгийн дуртай зүйл болохоор Тариалан сумын хүн бүр үндэсний өв соёлоо
тээгчид юм.
-Та одоо хотон дээл оёж байгаа юу?
-Нас яваад байнга оёхоо больсон. Тэгэхдээ
хотон дээл яаж оёх талаар заавар зөвлөгөө авъя, хотон дээл оёулъя гэсэн хүмүүст харамгүй
тусалдаг. Аймгийн төвийн цэцэрлэгт манай нэг охин ажилладаг бөгөөд
хотон дээл
оёж өг гэхээр нь оёж
өгсөн. Түүнээс хойш аймгийн төвийн цэцэрлэгүүд бяцхан шавь
нартаа хотон дээл оёж өгдөг моод нэг хэсэг дэлгэрсэн юм.
Манай ээж уран удган хүн байгаагүй ээ. Харин
манай авга эгч насаараа хотон дээл өмссөн хүн байсан. Дээр үед эмэгтэй хотон
дээлийг дан хар давуугаар
эмжиж оёдог байлаа.
Сүүл рүүгээ урлаг талдаа хөгжөөд шар, цоохор болгоод байгаа. Хуучин хэвээр нь авч явъя гэсэн саналыг би хэлдэг.
Эмэгтэй хотон
дээлийн дотор
талыг нь тэрлэг, лавшиг гэж хэлдэг. Хагас хормойтойг нь цэгдэг гэдэг. Эрэгтэй дээлийг нь
хараар
эмжиж, дан
цагаанаар оёдог. Өөр ямар нэгэн юм давхарлаж өмсөхгүй. Эм, эр
хоёулаа улаан юүдэн малгай өмсөнө.
-Хотон дээлийг оёход хэр хэцүү вэ?
-Тийм ч хялбар биш болохоор хүн бүр оёхгүй, нарийн
ажиллагаатай байдаг. Ялангуяа хотон эмэгтэйчүүдийн үсэндээ
зүүдэг Чачваг нь бүр
нарийн хийцтэй, ажиллагаа ихтэй. Дээр үед шүр их ховор байсан. Одоо бол төрөл
төрлөөрөө элбэг байна. Хотон дээлийг нас насанд тохируулан оёно.
Жишээ нь сэвгэр дээлийг бага залуу охид өмсдөг
бөгөөд ногооноор
оёж, хараар
эмждэг. Би охиндоо сэвгэр дээл оёж өгсөн, бий
биелгээ хийхдээ энэ дээлээ өмсдөг. Охин маань физикийн
багш мэргэжилтэй, одоо сумын сургуульд нарийн бичгээр
ажиллаж байгаа.
-Та бас бий биелгээ хийнэ биз?
-Өө тэгэлгүй яахав. Хэдийгээр алдар цолд хүрээгүй ч
өөрийнхөө
хэмжээнд бол биелнэ. Би 1982 оноос хойш хүүхдийн
байгууллагад ажилласан. Яслид багш, асрагч, тогооч, цэцэрлэгт туслах багш зэрэг ажлыг хийсэн.
Тэр завсар 5 хүү, нэг охин төрүүлсэн. Улсад ажиллах
хугацаандаа 2009
онд “Байгууллагын
аварга”
болж байлаа. Дараа жил нь буюу 2010 онд манай цэцэрлэг “Улсын
тэргүүний цэцэрлэг”
болсон юм. А.Толя эрхлэгчийн үед ажилд ороод дараа нь Цэнджав, Далай
эрхлэгч нартай хамт ажилласан. Би 2014 онд өндөр насны тэтгэвэртээ
гарсан. Одоо 61 настай. Ач, зээ нараа хараад гэртээ сууж
байна даа.
-Танд баярлалаа.