Архангай аймагт 281 сувилагч, тусгай мэргэжилтэн байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 281 сувилагч, тусгай мэргэжилтэн байдаг. Эрүүл мэндийн үйлчилгээг гардан гүйцэтгэдэг сувилагч нар энэ жил "Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал 2021" уриатайгаар ажиллаж байна.
Монгол Улсад 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 11 мянга орчим сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байдаг аж.
Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болжээ.
Сувилагч хүний мэдлэгийг зайлшгүй байх мэдлэг, хэрэгтэй мэдлэг, мэдэхэд илүүдэхгүй мэдлэг гэж авч үздэг бол ур чадварыг нь гардан хийх чадвар, шийдвэр гаргах, харилцах, хамтран ажиллах чадвар гэж ангилж үздэг байна. Мөн хандлагыг туслах чин эрмэлзэл, энэрэнгүй сэтгэл, чин сэтгэлээсээ хандах хандлага гэж ангилдаг байна.
Аймгийн нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баярын мэнд хүргэе.