АРХАНГАЙ: Оюутан, сурагчдыг угийн бичиг хөтлөх сургалтад хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-27 16:13:17

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Нийтийн номын сантай хамтран “Угийн бичиг-Удмын хэлхээ” сургалтыг зохион байгууллаа.


Сургалтаар угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, генийн санг хамгаалах, цус ойртолтоос сэргийлэх талаар цогц ойлголт өгсөн байна.


Мөн Эрдэнэбулган сумын I сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Наранчимэг өөрийн гэр бүлийн Алтан ургийн угийн бичиг хөтөлсөн туршлагаасаа хуваалцан сонирхолтой мэдээлэл хүргэжээ.


Сургалтад аймгийн Улсын бүртгэлийн албан хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн оюутнууд гээд 30 хүнийг хамруулжээ.


Оролцогчид 4 багт хуваагдан баг бүрийн нэг гишүүн өөрийн удмын түүхийг танилцуулж, генограмм зураглалын аргаар удмын хэлхээг дүрслэн тайлбарлаж, бусдадаа танилцуусан байна.


Энэхүү сургалт нь иргэдийн угсаа гарал, удмын түүхээ судлах, мэдлэгийг нэмэгдүүлж, уламжлалт соёлоо хадгалан өвлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа боллоо хэмээн зохион байгуулагч талаас үзжээ.

関連ニュース