Италид 70 жилийн өмнө усан доор орсон тосгон дахин гарч иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РОМ. /Rai News/. Италийн зүүн хойд хэсэг дэх хиймэл нуурын усан доороос 70 гаруй жилийн өмнө усанд живсэн Өмнөд Тиролийн тосгоны балгас гарч иржээ.
Резия даваанаас холгүй орших Курон Веноста суурин нь Альто-Адиже муж /хуучнаар Өмнөд Тироль муж/ дахь хамгийн том хиймэл нуур болох Резияг бий болоход 1950 онд усан дор бүхлээрээ орсон байна. Өмнө нь тэнд жижиг гурван хиймэл нуур байсан бөгөөд шинэ усан цахилгаан станцын үйл ажиллагааг хангах зорилгоор нэг далангаар нэгтгэх шийдвэр гарч байжээ. Дайны дараах жилүүдэд Италид аж үйлдвэржилтийн үйл явц эхэлсэн бөгөөд хойд уулархаг нутгийг хөрш Ломбардиа мужийн аж үйлдвэрийн томоохон газруудыг эрчим хүчээр хангахад ашиглахаар шийдсэн байна. Улмаар 1947-1949 оны хооронд даланг барьж байх үед суурингийн 150 гэр бүлийг нүүлгэжээ. Уг суурингийн барилгуудаас зөвхөн XIV зууны үеийн хонхны цамхаг л усан дээр ил үлджээ.
Нутгийн хөгшдийн яриагаар, даланг сэргээн засварлах үед тосгоны туурь урьд өмнө нь ч усан доороос гарч ирж байсан гэнэ. Далангийн засварын ажлыг 20 жилд нэг удаа хийдэг байна. Энэ үеэр усан санг юүлж, дахин усаар дүүргэдэг аж. Үүнээс гадна, Резия нь цорын ганц хиймэл нуур биш юм. Өмнө нь Альто-Адиже муж дахь өөр усан санг цэвэрлэх үед эртний суурин байсныг илтгэх археологийн нэлээд чухал олдворууд олдож байжээ.
Италид хиймэл усан сан бий болгохоос гадна байгалийн нуурыг ширгээсэн түүх бий. Хамгийн алдартай нь Италийн төвд орших Фуцин нуур юм. Эл нуурыг хатаах оролдлогыг Эртний Ромын үед хийж байсан боловч Ромын банкир Алессандро Торлониагийн төслийг хэрэгжүүлсний ачаар 1878 онд л үржил шимтэй газар болгож чаджээ.