Аргентинд хатуу хөл хорио тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-21 16:01:55

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Аргентины эрх баригчид улс орон даяар коронавирусний нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор тавдугаар сарыг дуустал хорио цээрийн хатуу хязгаарлалт нэвтрүүлэхээр болсныг тус улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес мэдэгджээ.


“Ирэх долоо хоногоос ердөө гурван өдрийг ажлыг өдөр болгоно. Бид орон даяар зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг чангатгана” гэж тэрбээр телевизээр иргэддээ хандан үг хэлэхдээ мэдэгдээд улс орон нь цар тахал дэгдсэнээс хойш хамгийн хүнд үеийг даван туулж байгааг цохон тэмдэглэжээ. "Одоо манай улсад өвчлөл, нас баралт хамгийн өндөр түвшинд байна" гэж тэрбээр хэлсэн байна.


Аргентины Ерөнхийлөгчийн хэлснээр, тавдугаар сарын 22-ны 00:00 цагаас тавдугаар сарын 31-нийг хүртэл танхимын бүх сургалт, нийгэм, шашин, спортын арга хэмжээг цуцлах бөгөөд халдварын тархалтын байдал маш хүнд байгаа ихэнх бүс нутагт хүнсний дэлгүүрээс бусад худалдааны бүх төвийг хаахаар болжээ. Түүнчлэн 18: 00-06:00 цагийн хооронд хөл хорио тогтоож, үлдсэн хугацаанд гэрээсээ зөвшөөрөлтэйгөөр гарах, эсвэл байрныхаа ойролцоо салхилахыг зөвшөөрчээ.


Хатуу хөл хорио тавдугаар сарын 31-нд дуусах бөгөөд энэ өдрөөс зургаадугаар сарын 11 хүртэл одоо хэрэгжиж буй хязгаарлалтыг дахин хэрэгжүүлэх аж.


Аргентины Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, тус улсад халдвар авсан хүний тоо 3.5 саяд хүрсэн бөгөөд өнгөрсөн хоногт 36 мянга орчим шинэ тохиолдол илэрчээ. Сүүлийн 24 цагт 435 хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 72 699 болсон байна.


関連ニュース