Хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй хүүхдэд дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-25 18:10:36

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-аас “Хариуцлагатай байя хамтдаа сэргийлье” аяны гурав дахь үе шат болох “Хамтдаа хөгжье, хандлагаа өөрчилье” аяныг өнөөдөр зохион байгууллаа.  

Энэ удаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй хүүхдэд дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн хүргэв.

Тус ажлыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дархлааг дэмжих, коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд туслалцаа үзүүлэх, зарим хэвшмэл хандлагыг өөрчлөх зорилгоор зохион байгуулснаараа онцлог аж. 


Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Ховд аймгийн ИТХ-ын Ажлын алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Норвегийн тусламжийн байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо хамтран ажиллажээ. 

“Хариуцлагатай байя хамтдаа сэргийлье” аяны хүрээнд өмнө нь нийтийн такси үйлчилгээний ажил хийж буй 100 гаруй жолоочид амны хаалт, гар ариутгагч зэргийг олгов. Мөн Жаргалант суманд түлш болон хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орж болзошгүй 100 гаруй өрхөд Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албаны дотоод нөөц бололцоонд тулгуурлан мод, хүнсний багц, амны хаалт зэргийг хүлээлгэн өгч байжээ.   

関連ニュース