Хаврын тариалалт 70 орчим хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ хавар үр тариа 8703 га талбайд үүнээс буудай 8403 га-д, арвай 100 га-д, овъёос 200 га-д, малын тэжээл 3300 га-д, тосны таримал 900 га-д, төмс 277.5 га-д, хүнсний ногоо 146.7 га-д, жимс жимсгэнэ 168.9 га-д нийт 13496.1 га талбайд тариалалт хийнэ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд буудай 8834 га-д, арвай 40 га-д, овъёос 65 га-д, төмс 210 га-д, хүнсний ногоо 95 га-д, жимс жимсгэнэ 55 га-д, нийт 9319 га талбайд тариалалт хийж, хаврын тариалалтын явц 70 хувьтай байна.
Архангай аймаг тариалангийн төв бүс нутагт багтдаг. Өндөрлөг газарт оршдог тул тариалан бүхий сумд 5 дугаар сарын 1-25-ны хооронд хийх нь тохиромжтой бөгөөд энэ нь хүйтэнгүй хоногийн тоо болон ургалтын хугацааны идэвхтэй дулааны нийлбэр харьцангуй бага байдагтай холбоотой аж.
Аймгийн Төвшрүүлэх, Хотонт, Өгийнуур, Батцэнгэл, Цэнхэр, Эрдэнэбулган сум энэхүү хугацааг баримтлан ажиллаж, тариалалт бүрэн дуусаад байгаа бол Хайрхан сумын хувьд хөрсний чийг сайн байгаа ч дулаан хангалтгүй байгаагаас тариалалт дуусаагүй 80 гаруй хувьтай явж байна.
Тосны таримал, малын тэжээлийн ургамлыг тариалж эхлээгүй байна.
Хаврын тариалалтад гинжит трактор 4, дугуйт трактор 4, анжис 26, үр тарианы үрлүүр 31, төмс, хүнсний ногооны үрлүүр 7, бул 11, борной 39, өргөн холбоо 10, сэндчлүүр 7, бүх төрлийн сийрүүлэгч 13, бордоо, бууц цацагч 3, хор, гербицид цацах машин 8, бороожуулагч станц 3, төмс, хүнсний ногооны бага оврын иж бүрдэл 3 зэрэг нийт 169 техник хэрэгсэл, 356 хүн ажиллаж байна.