Сүхбаатар аймгийн хэмжээнд 18,1 тэрбум төгрөгийг 338 зээлдэгчид олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-04 22:11:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг Сүхбаатар аймгийн хэмжээнд 18,1 тэрбум төгрөгийг 338 зээлдэгчид олгоод байна. Энэхүү зээлийг олгосноор аймгийн хэмжээнд 601 хүний ажлын байрыг хадгалж үлдээд байна.

Тодруулбал 8,1 тэрбум төгрөгийг 48 ААНБ-д, 10 тэрбум төгрөгийг 290 иргэнд олгожээ. Төрийн банк 182 зээлдэгчид 7,4 тэрбум, Голомт банк 22 зээлдэгчид 3,1 тэрбум, ХААН банк 126 зээлдэгчид 7,2 тэрбум, Хас банк найман зээлдэгчид 296 сая төгрөгийг олгоод байгаа аж. Одоогоор арилжааны банкуудад 66,9 тэрбум төгрөгийн хүсэлт судлагдаж байна.

Харин хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 45 иргэний зээлийн хүсэлтээс татгалзжээ. Учир нь зорилтот хөтөлбөртэй зээл хүсэгчийн чиглэл, зорилго нь тохирохгүй байгаатай холбоотой гэж Монгол банкны Сүхбаатар салбарын захирал Ц.Мөнхбаяр мэдээллээ. 

関連ニュース