Иргэнээс зөвшөөрөл авалгүй зураг, хэлсэн үгийг нь сурталчилгаандаа ашиглажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн иргэн Д.Бидрагийн гэрэл зургийг өөрөөс нь зөвшөөрөл авалгүй сонгуулийн сурталчилгааны материалд ашиглан, тухайн үед хэлж байсан үгийн хамтаар байрлуулсан тохиолдол гарчээ.
Иргэн Д.Бидра нь өндөр насны тэтгэвэрт гарсан. Гэр бүлийн хүний хамтаар хашаандаа хэдэн ногоо тариад тэтгэвэрийн хэдээрээ амьдардаг. Өнгөрсөн 5-р сарын 29-нд Баруун-Урт сумын ИТХ-ийн тэргүүлэгч, АН-ын гишүүн Ж.Цээсүрэн, 3-р багийн засаг даргын хамтаар гэрт нь орж ирээд хийсэн ажлынхаа тайланг хэвэлмэл материал болгох зорилгоор уулзаж зургийг нь альбомноос нь аваад явжээ. Гэтэл түүнийгээ өөр зориулалтаар ашигласан байна.
Өөрөөс нь зөвшөөрөл авалгүй сурталчилгаандаа ашиглаж байгаад түүний гэр бүл, үр хүүхдүүд нь хүртэл гомдолтой байгаагаа илэрхийллээ. Учир нь 3-р багийн иргэн Д. Бидра нь МАН-ын гишүүн бөгөөд одоо аймгийн ИТХ-ын сонгуульд 3-р багт нэр дэвшигчийн сонгуулийн штабад ухуулагчаар ажиллаж байгаа юм байна.
Монгол зангаараа хүн орж ирэхэд нь хэдэн үг солиод цай идээгээ бариад гаргасан биш өөрөөс нь зөвшөөрөл авалгүй сонгуулийнхаа сурталчилгаанд ашиглаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд өөрийнх нь нэр төрд халдсан хэрэг хэмээн үзэж хуулийн байгууллагад хандахаа илэрхийллээ.
Т.Одончимэг