Израилд амны хаалт зүүх журмыг дахин хэрэгжүүлж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕЛЬ-АВИВ. /The Times of Israel/. Израилын эрх баригчид коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан битүү орчинд амны хаалт заавал зүүх журмыг дахин хэрэгжүүлж эхэлжээ.
Уг журам баасан гарагт орон нутгийн цагаар 12:00 цагаас хэрэгжиж эхэлсэн байна. Амны хаалт зүүх шаардлага долоо хүртэлх насны хүүхдүүд, эмнэлгийн эсрэг заалттай хүмүүс, түүнчлэн бөглүү газар ганцаараа эсвэл байнга хамт ажилладаг хүмүүст хамаарахгүй. Мөн спортоор хичээллэх үедээ амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрчээ.
Израилын эрх баригчид амны хаалт зүүх журмыг зургаадугаар сарын 15-нд цуцалсан юм. Гэвч тус улсад коронавирусний халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэлжээ. Пүрэв гарагт “COVID-19”-ийн 227 шинэ тохиолдол илэрсэн нь дөрөвдүгээр сар гарснаас хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна. Сүүлийн өдрүүдэд илэрсэн шинэ тохиолдлуудын 70 хувь нь "дельта" хувилбараар халдварласан гэж үзэж байгаа аж.
Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Израилын эрх баригчид мөн вакцин хийлгэсэн жуулчдад хилээ нээхээ хойшлуулсан юм.
Израилд цар тахал дэгдсэнээс хойш халдварын нийт тохиолдлын тоо 840 мянга давж, 6400 хүн нас баржээ.