Нефтийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-07-29 13:54:13

НЬЮ-ЙОРК. /Reuters/. АНУ-ын нефтийн нөөц цар тахлын өмнөх түвшинд хүрч буурсан мэдээлэл гарсантай холбогдуулан нэг торх нефтийн үнэ лхагва гарагт 75 орчим ам.долларт хүрч өсжээ.


Тодруулбал, “Brent” маркийн нефтийн үнэ 26 цент буюу 0.4 хувиар өсөж, 74.74 ам.долларт хүрчээ. Мөн “WTI” нефтийн үнэ 74 цент буюу 1 хувиар өссөнөөр 72.39 ам.долларт хүрсэн байна.


АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн /EIA/ мэдээлснээр, долоодугаар сарын 23 хүртэлх долоо хоногт нефтийн нөөц 4.1 сая торхоор буурчээ. Үүний зэрэгцээ хийн нөөц мөн адил буурч, аль алиных нь нөөц цар тахлын өмнөх түвшинд хүрч очжээ.


Нефть олборлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /ОПЕК+/ нийлүүлэлтээ бууруулаад буй үед эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор нефтийн үнэ энэ онд 45 хувиар өсөөд байгаа юм.


“ОПЕК+” ирэх наймдугаар сараас өдөрт нийлүүлэх нефтийн хэмжээгээ 400 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон нь өнгөрсөн онд урьд хожид байгаагүйгээр бууруулсан олборлолтоо ахиулсан явдал болсон ч зарим ажиглагчийн үзэж буйгаар, уг шийдвэр нь энэ онд эргэн сэргэх төлөвтэй байгаа эрэлттэй харьцуулахад тун хангалтгүй байна.


Гэвч дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрүүдийг өрнүүлж буйг үл харгалзан халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсон нь нефтийн салбарын хувьд таагүй мэдээлэл бөгөөд тодорхойгүй байдал үргэлжилсэн хэвээр байна.


Тухайлбал, АНУ, Европын орнуудын хувьд хийн эрэлт тогтмолжиж эхэлжээ. Шинжээчдийн таамаглаж буйгаар, коронавирусний халдвар тархаж, вакцинжуулалт удаашралтай байвал дэлхийн хэмжээнд нефтийн эрэлт цар тахлын өмнөх түвшинд хүрэх нь ирэх жил хүртэл хойшилж магадгүй байгаа ажээ.  

関連ニュース