Цэнхэрийн Орхон багт тусгай зөвшөөрөл нь сэргэсэн компаниуд үйл ажиллагаагаа явуулж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Цэнхэр сумын Орхон багт шүүхийн шийдвэрээр ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нь сэргэсэн дараах компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: MV-005529 тусгай зөвшөөрөл бүхий Батдөлгөөн мөрөн ХХК, MV-001410 тусгай зөвшөөрөл бүхий БМНС ХХК, MV-017316 тусгай зөвшөөрөл бүхий Сэншивэе монгол ХХК болон хайгуулын XV-006219 зөвшөөрөл бүхий Эрдэнэсийн хотхон ХХК байна. 8-р сарын 17-ны байдлаар Батдөлгөөн мөрөн ХХК нь 1 экскаватар, 1 ковш, 2 хово зэрэг техник хэрэгслийг өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд оруулан ус цэвэршүүлэх 3 даланг сэргээн засварлах, эвдэрсэн талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлээд байна.
БМНС ХХК нь Өлзийт тээл гэх газарт 4 экскаватор, 2 утгуурт ачигч /ковш /, 12 автосамосвал зэрэг техник хэрэгсэл, 60 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ашиглалтын блокуудыг бэлтгэн, үйлдвэрийн хэсэгт туршилтын угаалга хийж байна. Мөн 3 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил, өмнө жил техникийн нөхөн сэргээлт хийсэн 4 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Тус аж ахуй нэгжийн уул уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримтын бүрдэлд хяналт шалгалтын ажил гүйцэтгэхэд зөрчил илрээгүй байна.
Сэншивэе монгол ХХК нь 2 экскаватор, 2 ковш, 8 дамп, 1 алт угаах төхөөрөмж зэрэг техник хэрэгсэлтэйгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэвтрэхээр ирснийг Орхоны хяналтын пост зогсоож Өлийн давааны ард техник хэрэгслийг парклаад байна. Дээрх аж ахуй нэгжид холбогдох бичиг баримтыг мэргэжлийн байгууллагуудад шалгуулж техник хэрэгслийг нэвтрүүлэх чиглэл өгчээ.
Эрдэнэсийн хотхон ХХК нь өөрийн эзэмшлийн хайгуулын талбайд Ашигт малтмал газрын тосны газраар батлуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө Цэнхэр сумын Засаг даргаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд хайгуулын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд цахилгаан хайгуулыг гүйцэтгэж байна.