Т.Баярхүү: Ойрын 2-3 жилийн хугацаанд боловсролын салбарт нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-14 18:16:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн шилдэг багш шалгаруулах уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт болсон. Энэхүү уралдаан нь багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг өндрөөр үнэлж чадсан уралдаан болоод зогсохгүй Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд анхдагч үйл ажиллагаа болсон юм. Тиймээс уралдааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагч “Сүхбаатар нэг мөрөөдөл” ТББ-ын УЗ-ийн гишүүн Т.Баярхүүтэй ярилцлаа.


-Шилдэг багш уралдааны зорилго юу вэ?

-“Сүхбаатар нэг мөрөөдөл” ТББ нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулсан. Анх 2019 онд Sukhbaatar edu forum-ыг зохион байгуулсан. Энэ үеэр боловсролын чанарыг дээшлүүлэх хамгийн гол асуудал бол багш нарын ур чадварыг дээшлүүлэх, дэмжих асуудал юм байна, нөгөө талаар нийгэм дэх багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагатай юм байна гэдгийг олж харсан. Энэ асуудалд бид нэмэр болох ёстой гэж шийдсэн. Ингээд 2019 онд Сүхбаатар аймгийн шилдэг багш шалгаруулах уралдаанаа зарласан.

-Гол шалгуур үзүүлэлт юу байв, хэрхэн шүүсэн бэ?

-Эхний шатны гол шалгууруудад тухайн багшийн хичээлийн материал бэлтгэл, өөрийн болон шавь нарын амжилт, чанарын шалгалтын үнэлгээ зэрэг орж байгаа. Бид уралдаандаа аль болох бүх багшийг идэвхтэй хамруулахыг зорьсон. Тийм ч учраас багш нарын тоог сургууль бүрт зааж өгсөн. Дуу хөгжим, биеийн тамирын багш тус бүр нэг, математикийн багш дөрөв, бага ангийн багш хамгийн олон байх зэргээр шалгаруулсан. Манай аймагт 600 орчим дунд сургуулийн багш бий. Шүүлтийг олон жилийн туршлагатай мэргэжлийн хүмүүс хийсэн. Уралдаанд оролцогч багш нарын материалыг Улаанбаатар хот руу татан авч шүүсэн.

-Саяхан уралдааныхаа нэгдүгээр шатны шалгаруулалтыг хийсэн. Хоёрдугаар шат буюу шилдгийн шилдэг багшийг энэ онд шалгаруулна гэж байсан. Энэ талаар?

-Хэдхэн хоногийн өмнө уралдааныхаа нэгдүгээр шатны шалгаруулалтыг хийж, 26 багшийг тус бүр гурван сая төгрөгөөр шагналаа. Ер нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уралдааны шалгаруулалт бага зэрэг хойшилсон. Энэ хичээлийн жилд хичээл танхимаар үргэлжлэн орж байвал хоёрдугаар шатны шалгаруулалтыг энэ оны 11 дүгээр сард багтаан хийх боломжтой гэж үзэж байгаа. Энэ шатны шалгаруулалтыг олонд ил тодоор явуулна. Өөрөөр хэлбэл шалгарсан 26 багш телевиз болон цахимаар уралдаандаа оролцох юм. Үүнээс шилдгийн шилдэг нэг багш тодорч, шинэ хоёр өрөө байрны эзэн болно. Байр нь бэлэн, эзнээ хүлээж байгаа. Мөн шилдэг захирал, шилдэг сургалтын менежерийг шалгаруулж тав таван сая төгрөгөөр шагнах юм.


-Уралдааныхаа нэгдүгээр шатны шалгаруулалтын дараа ямар үр дүнг олж харав?

-Анх уралдаанаа зарлахдаа би тайзан дээрээс, “Бид багш нартаа итгэж байна. 2019-2020 оны хичээлийн жилд Сүхбаатар аймаг ЭЕШ-аар улсад эхний аравт, 2020-2021 оны хичээлийн жилд эхний тавд, 2021-2022 онд эхний нэг, хоёрдугаар байрт орно шүү” гээд уриалж байсан юм. Ер нь манай аймаг 2017, 2018 онд ЭЕШ-ын үзүүлэлтээр 17-д байсан. Ингээд бид хамтдаа хичээсний үр дүнд 2019-2020 онд эхний зургаад орж амлалтаа биелүүлсэн бол 2020-2021 онд мөн амжилтаа бататгаж урьдчилсан байдлаар зургаад бичигдсэн хэвээр байгаа. Яг ийм цаг үед цаашид юунд анхаарах шаардлагатай вэ гэдгийг ч бид ярилцаж, төлөвлөж буй ажлууд бий. 

Энэ хичээлийн жилд дахин байраа урагшлуулж, амлалтаа биелүүлэх талаар бид ярилцсан. Өнгөрсөн хоёр жилийн тухайд халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад уралдаанаа дүгнэх гол үзүүлэлт маань ЭЕШ л байлаа. Тэгэхээр энэ үзүүлэлтээс харвал одоогоор Сүхбаатар аймгийн боловсролын түвшин улсдаа зургаадугаарт бичигдэж байна гэсэн үг юм. Ингэхээр тодорхой үр дүн харагдаж байгаа учир бидний хувьд их урам зоригтой байгаа. Энэ жил зөвхөн уралдаанаас гадна хичээл тус бүрээр болон нэмэлт хөтөлбөрүүд төлөвлөсөн нь энэ жилийн амжилтаа ахиулах байх гэдэгт найдаж байна.

-Шилдэг багш шалгаруулах уралдаан аймаг төдийгүй улсын хэмжээнд үнэхээр олны анхаарлыг татсан үйл ажиллагаа болж байгаа. Гэхдээ боловсролын салбарын зарим ажилчдыг бүрэн хамруулж чадахгүй байна гэдэг утгаар бас сэтгэл дундуур хүмүүс байна л даа. СӨБ, МСҮТ, Насан туршийн боловсролын багш ажилчид гэх мэт?

-Тийм ээ. Ийм шүүмжлэл анх уралдааныг зарлахад ч байсан. Санаснаар болдог бол боловсролын бүх үе шатанд өөрсдийн чадлын хэрээр оролцмоор байгаа ч бидний нөөц хязгаарлагдмал юм. Манайх бол дундаж ТББ учир бүх хүнд хүрч ажиллах боломжгүй. Энэ бол төрийн ажил байх. ТББ-ын хувьд тодорхой нэг салбар, тэр дундаа нэг хэсэг бүлгийг л сонгож ажилласан. Бидний тухайд эхний ээлжинд ерөнхий боловсролыг анхааралдаа авъя гэж байгаа юм. Яагаад гэвэл энэ чинь хүний амьдралын 12 жилийг хариуцаж байгаа асуудал шүү дээ. Эндээс тухайн хүүхдийн ирээдүй шууд хамаарна. Цаашлаад ямар мэргэжил сонгож, өөрийн аймаг орон нутаг, улс эх орондоо хэрэгтэй хүн болох вэ гэдэг ч тодорхойлогдоно. Тиймээс бид эхний ээлжинд энэ хэсэгт анхаарлаа хандуулж, төвлөрч байгаа. Цаашдаа ч энэ чиглэлээрээ ажиллаж, ойрын гурван жилдээ хөтөлбөрөө үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Боловсролын бусад салбарт өөр хүмүүс, ТББ-ууд хүрч ажиллана гэдэгт итгэж байна.

-Уралдаанаа дахин үргэлжүүлнэ гэлээ. Зарчим адилхан байх уу?

-Мэдээж тийм. Гэхдээ бид ирэх жилд шалгаруулах багш нарынхаа тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ жил 26 багшийг шалгаруулсан бол ирэх жил эхний шатанд 40 багшийг шалгаруулна. Мэдээж бүх багшийг гурван сая төгрөгөөр урамшуулж, шилдгийн шилдэг багшийг хоёр өрөө байр хүлээж байх болно.

-Нэг уралдаанд ойролцоогоор хэчнээн төгрөг зарцуулж байна. Нууц биш бол танай ТББ-ын санхүүжилт хэрхэн хийгддэг юм бэ?

-Тэгэлгүй яахав, үүнд хариулт өгөх нь зөв. Энэ бол "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-аас санаачилсан ажил. Үүнийг “Төмөрхуяг Баярхүү сан” ивээн тэтгэж ажилладаг. Багш нарын шагналаас татвар суутгахаас эхлээд бүх ажлыг хуулийн хүрээнд хийдэг. Эхний байдлаар нийт хөтөлбөрийн хүрээнд 300 орчим сая төгрөгийг зарцуулаад байна. Ирэх 2-3 жил нийлээд ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоо гарсан. Хамгийн гол нь бид өөр өөрийн хэмжээнд тодорхой амжилтад хүрсэн залуус учир нийгмийн сайн сайхан руу чиглэсэн ажил хийхийг л эрмэлзсэн. Ялангуяа бүгд Сүхбаатар аймагтаа боловсрол эзэмшиж, өдий зэрэгт хүрцгээсэн болохоор энэ салбарт илүү анхаараад байгаа юм. Түүнээс биш үүний ард ямар нэгэн ашиг хонжоо хайсан эсвэл улс төрийн үйл ажиллагаа байхгүй гэдгийг хэлье.


-Таны хувьд өөрөө бизнесмэн хүн шүү дээ?

-Тийм ээ. Миний хувьд “ДиЖи Фрэйндс” ХХК, “Ай Ди Си” ХХК-ийн захиралын албан тушаалтай. Манай компани аймагтаа Дарьганга зочид буудал, 16 давхар цамхаг, Даймонд орон сууцны хорооллын төслүүдэд оролцож ажилласан. Бидний оролцсон эдгээр төслүүд эдийн засгийн үр өгөөжөөр маш муу, хасах үзүүлэлттэй явдаг. Гэтэл яагаад ийм их хөрөнгө оруулалтыг хийгээд байна вэ гэх хүмүүс байдаг. Сүхбаатар аймаг, Баруун-Урт маань улсдаа тэргүүлэх аймаг байгаасай л гэсэн хүсэлтэй. Тэр ч утгаар нэн шаардлагатай төслүүдэд хамтарч, хэрэгжүүлсэн.

Хэдий эдийн засгийн үр өгөөжгүй ч гэсэн одоо Дарьганга зочид буудал 21 аймагтаа хамгийн тав тухтай, дээд зэрэглэлийн буудал гэж яригдаж байна. Энэ л бидний өрсөлдөөн дундаас ялгарах онцлог юм. Энэ нутагт өвөг дээдэс минь амьдарч байсан, бид өсөж торнисон, ирээдүйд үр хойч маань амьдарна. Тиймээс орон нутгийн хөгжил, үйлчилгээгээрээ хэн ч хаанаас ч ирсэн нүүр бардам байгаасай гэж хүсдэг.  Баруун-Уртад ирж амьдрах залуус олон байгаасай, хүмүүс нутагтаа очиж амьдаръя гэтэл нь аймгаа хөгжүүлж, өөрчлөхийг хүсдэг. Үүний тулд ердөө л боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг л сайжруулах шаардлагатай гэж боддог. Ингэж байж сая бид хүмүүсийг татаж чадна. Ирээдүйд хүмүүс, ялангуяа нийслэл хот болон өөр аймагт суурьшиж байгаа хүмүүс Сүхбаатар аймагт очиж амьдаръя, боловсролын чанар, эрүүл мэндийн үйлчилгээнээс эхлээд ажиллаж амьдрах тав тух үнэхээр бий болсон байна, хүүхдэдээ Сүхбаатар аймагт очиж боловсрол олгоё гэж зорьдог байгаасай гэж хүсдэг юм.

-Мэдээж энэ их мөнгийг зарцуулахаар төлөвлөж байгаа юм чинь харж буй үр дүн жил ирэх тусам хүрээгээ тэлэх байх?

эгэлгүй яахав. Бид нэг тэрбум гаруй төгрөгийг аймгийнхаа боловсролын салбарт зарцуулах гэж байна. 3-4 жилийн дараа бол олон улсын түвшин ярих болно. Яаж олон улс, дэлхийн түвшинд хүрэх вэ гэдэг талаар. Ингэхийн тулд эхлээд бид Монголдоо тэргүүлдэг болох ёстой. Энэ л бидний гол зорилго юм шүү дээ.

-Сайн багш сайн сурагчийг бэлтгэж их дээд сургуулиудад илгээнэ. Гэхдээ гол нь тэдгээр сайн инженер, сайн эмч багш нар маань төгсөөд нутагтаа ирж ажиллах нь бас чухал шүү дээ?

-Мэдээж, тийм. Сайн их дээд сургуульд суралцан боловсрол эзэмшсэн залуучууд маань нутагтаа ирж ажиллах нь хамгийн чухал. Сайн боловсон хүчин аймаг орон нутгийнхаа ирээдүйн хөгжилд гар бие оролцох учиртай. Сая уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын үеэр ЭЕШ-д 800 оноо авсан сурагч Монгол хэл, уран зохиолын багшийн анги авсан байсан. Төгсөөд нутагтаа ирж ажиллана гэж байна лээ. Ийм л зүйлийг бид хүсээд байгаа  юм.

-Боловсрол, эрүүл мэндийн салбар луу чиглэсэн ажил хийнэ гэсэн. Эрүүл мэндийн салбарт ямар ажил хийнэ гэж бодож байна вэ?

-Эхний удаа “Жаргалсайхан ирээдүй сан”-тай хамтран АНЭ-ийн хүүхдийн тасгийн тохижилтын ажил яригдаж байсан ч цар тахлаас болж нэлээн хойшиллоо. Ер нь хийх ажлууд төсөл хэлбэртээ яваа. Одоогоор шууд нийтэд зарлах түвшинд хүрээгүй гэж хэлж болно. Эхлээд бид энэхүү хэрэгжүүлж байгаа ажлаа маш сайн гүйцэтгээд дараагийнхаа ажил руу орох төлөвлөгөөтэй байгаа.


-“Сүхбаатар нэг мөрөөдөл” ТББ-ынхаа талаар танилцуулаач?

-Манай ТББ бол Сүхбаатар аймгийн гаралтай нэгэн үе тэнгийн залуучууд нийлж байгуулсан байгууллага. Аймаг орон нутаг, цаашлаад улсынхаа хөгжил дэвшилд нэмэр болохуйц төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар төрийн хүрч чадахгүй байгаа цэгт хүрч, төрдөө нэмэлт хүч болохыг зорьдог. Хамгийн гол нь манай ТББ боловсрол, эрүүл мэндийн салбар луу чиглэсэн ажлуудыг эхний ээлжинд түлхүү хийхээр зорьсон.

-Ярилцлагын төгсгөлд залуучуудыг хэрхэн уриалмаар байна?  

-Залуусын хандлага нийгэм цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Хэдий бүх зүйл сайн тал руугаа явж байгаа ч хамгийн гол нь оролцоо чухал санагддаг. Бүх л салбарт хийх зүйл үнэхээр их байна. Энэ бүхэнд залуучууд өөрсдийн чадах чинээгээрээ оролцох хэрэгтэй. Тэр хийх байх гэж бусдыг харах биш, хийж байгаа нэгнээ шүүмжлэх биш их бага гэлгүй өөрөө л хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж би боддог. Бусад залуусыг ч мөн тийм байгаасай гэж хүсэж байна. Хамгийн гол нь оролцоо чухал.

-Зав гарган ярилцсанд баярлалаа.

 

関連ニュース