Столтенберг НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-05 14:42:38

БРЮССЕЛЬ. /Xinhua/. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Варшав хотноо болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудыг дурджээ. Эвслийн орнуудын удирдагчид НАТО-гийн эвслийн батлан хамгаалах, тогтоон барих хүчин чадал болон эвслийн хүрээнээс гаднах төслийн тогтвортой байдлыг бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцэх ажээ. 

2014 оны есдүгээр сард Уэльсд болсон НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтаас хойш манай эвсэл хамтын батлан хамгаалах хүчээ хамгийн ихээр /хүйтэн дайнаас хойш/ бэхжүүлж чадлаа  хэмээн тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр "бид илүү хурдан, илүү хүчирхэг, илүү бэлэн байдалтай эвслийг бий болгосон бид  бүхэн дараагийн алхмаа хийх хэрэгтэй. Тиймээс Варшавт болох уулзалтын үеэр бид НАТО-гийн дорнод хэсэгт цэргийн оролцоог нэмэгдүүлэх тохиролцоонд хүрнэ" гэж мэдэгдсэн байна.

Түүнээс гадна, эвслийн удирдагчид Эстони, Латви, Литва, Польш руу олон улсын дөрвөн батальон илгээх асуудлыг хэлэлцэнэ. Мөн эвслийн тогтоон барих болон батлан хамгаалах хүчин чадал, тэр дундаа, Румын дахь олон үндэстний бригадад тулгуурлан зүүн өмнөд нутаг дахь цэргийн оролцоог бэхжүүлэх болон кибер батлан хамгаалах, иргэдийн бэлэн байдал, баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцэх ажээ.

Үүнээс гадна энэ уулзалтын дараа НАТО-ОХУ-ын зөвлөлийн хүрээнд өөр нэгэн уулзалтыг зохион байгуулах талаар Оростой хэлэлцээ хийж байна. Бид ОХУ-тай яриа хэлцээ хийхэд бэлэн. НАТО-ОХУ-ын зөвлөл нь яриа хэлцээ, мэдээлэл солилцоо, хурцадмал байдлыг намжаах зэрэг асуудалд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тэрбээр мэдэгджээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх бас нэгэн чухал сэдэв бол батлан хамгаалах салбарын зардал болон түүний зарцуулалтыг оновчтой болгох асуудал юм гэв.

Д.Нямтулга

 

 

 

関連ニュース