“Tokyo Game Show” үзэсгэлэн хоёр дахь жилдээ цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /TASS/. Олон улсын тоглоом үйлдвэрлэлийн салбартаа дэлхийд томоохонд тооцогдох үзэсгэлэнгүүдийн нэг болох “Tokyo Game Show” пүрэв гарагт нээгдлээ. Коронавирусний цар тахлын байдлаас шалтгаалан уг үзэсгэлэнг хоёр дахь жилдээ цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Дөрвөн өдөр үргэлжлэх үзэсгэлэнд Япон, Хятад, АНУ, ОХУ зэрэг дэлхийн 37 орны тоглоом үйлдвэрлэлийн салбарын 350 гаруй компани оролцоно гэж зохион байгуулагчид нь мэдээлжээ. Цахим үзэсгэлэнгийн үеэр 46 арга хэмжээ зохион байгуулах бөгөөд “YouTube”, “Twitter”, “Facebook”, “Twitch” зэрэг олон нийтийн томоохон сүлжээгээр шууд дамжуулна.
"TGS" үзэсгэлэнгээс энэ жил хамгийн их хүлээгдэж буй үйл явдлуудын нэг бол Японы хамгийн том, хамгийн эртний тоглоомын сэтгүүл болох “Famitsu”-гаас зохион байгуулах хэлэлцүүлэг юм. Уг хэлэлцүүлэгт дүрд тоглох Японы алдарт тоглоом болох “Final Fantasy”-г бүтээгч Сакагүчи Хиронобу оролцож, дүрд тоглох тоглоомын өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх талаар ярилцах аж.
“Tokyo Game Show” үзэсгэлэнг 1996 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд цар тахал дэгдэхээс өмнө жил бүр 250 мянга гаруй үзэгч ирж сонирхдог байжээ.