"Стандарттай Архангай" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор MNS ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх хөтөлбөрөө гардан авлаа.
Энэхүү стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын ажлын хэсэг энэ өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байна.
“Стандарттай Архангай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, чанар стандартын шаардлага хангасан зүй зохистой, зөв хэрэглээ, үйлчилгээг бий болгох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Ажлын хэсгийнхэн уг хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудад менежментийн тогтолцооны олон улсын стандартын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.
Тодруулбал, Ногоон хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчны менежментийн тогтолцоо, Авлигын эсрэг менежментийн тогтолцоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо зэрэг стандартыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах юм.