“Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” хөтөлбөр хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич, аймгийн Засаг дарга М.Батжаргал нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Архангай аймгийг “Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” болгон хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ болон Архангай аймгийн хамтын ажиллагаа эхэлж байна.
Хөтөлбөрийг олон улсын сайн туршлага, НҮБ-ын арга аргачлалд тулгуурлан хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс төсөлд шаардлагатай 237 сая төгрөгийн санхүүжилтийг олгох ажээ.
“Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн аялал жуулчлалын бүс нутгийн судалгаа, соёлын биет болон биет бус өвийг түшиглэсэн маршрутууд гарах юм.
Мөн НҮБ, Архангай аймаг хоорондын хамтын гэрээнд “Малчин эмэгтэйчүүдийн аюулгүй хүнс” төсөл багтсан бөгөөд өндөр уулын бүсийн зургаан суманд төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ.