Төр, хувийн хэвшлийн зөвлөлийн ээлжит уулзалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-08 09:52:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын захиалгаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Зүүн бүсийн аймгуудын хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” төсөл 2019-2021 оны хугацаанд хэрэгжиж байгаа. Төслийн үйл явц болоод, үр дүнгийн талаар хэлэлцэх ээлжит уулзалт Сүхбаатар аймагт болж байна.

Уулзалтад төслийн багийн гишүүд, Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд төслийн нэгжтэй хамтран багагүй ажлуудыг хийсэн. Зүүн бүсийн өрсөлдөх чадвар ба боломж судалгааг хийсэн. Өнөөдөр үр дүнг танилцуулна. Анх төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймаг хэрхэн ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байна. Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аймгийн төр, хувийн хэвшлийн зөвлөлийн үйл ажиллагаа эрчиимсэн нь олон талаар ач холбогдлоо өгч байна. Цаашид энэ эрчээрээ ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбат нээлтийн үгэндээ онцлов.

Уг төсөл нь зүүн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа, хувийн хэвшлийг дэмжихэд төрөөс баримтлах бодлогод зөвлөмж боловсруулан хүргүүлэх, ХАА-н кластер хөгжүүлэх боломжийг судлах, орон нутгийн бизнесүүдийн хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Төслийн хэрэгжилтийг сайн гэж дүгнэж байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн салбар зөвлөлийн ажлаараа Сүхбаатар аймаг бүсээ тэргүүлж байгаа гэдгийг төслийн багийн зөвлөх Б.Зулбаяр хэллээ.

Энэ удаагийн уулзалтаар талууд төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн саналыг төслийн багийн хамт олон сонсон цаашдын үйл ажиллагааг тодорхойлох юм. 

関連ニュース