Пакистаны цөмийн бөмбөгийн эцэг гэгддэг Абдул Кадир Хан таалал төгсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ИСЛАМАБАД. /BBC/.
Пакистаны “цөмийн бөмбөгийн эцэг”
гэгддэг доктор Абдул Кадир Хан “COVID-19”-өөр халдварласны улмаас эмнэлэгт хүргэгдсэнийхээ
дараа 85 насандаа таалал төгсжээ.
А.Хан улс орноо
цөмийн зэвсэгтэй исламын анхны улс болгосныхoo төлөө улсын баатар хэмээн
хүндлэгддэг байсан боловч БНАСАУ, Иран зэрэг оронд цөмийн нууцыг хууль бусаар
шилжүүлэн өгснийхөө улмаас муу нэр зүүсэн юм.
“Пакистан улс “үндэсний
бахархал”-аа алдлаа. Абдул Кадир Хан улс орноо цөмийн зэвсэгтэй гүрэн болгоход
үнэтэй хувь нэмэр оруулсан билээ” гэж тус улсын Ерөнхий сайд Имран Хан “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
АК Хан хэмээх нэрээрээ алдаршсан тэрбээр Исламабад хотоос холгүй орших Кахута хотод Пакистаны анхны цөмийн баяжуулах үйлдвэрийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Тийнхүү 1998 онд тус улс цөмийн зэвсгийн анхны туршилтаа хийсэн байна. Түүнээс удалгүй Энэтхэгт ижил туршилт явуулсны дараа А.Хан Пакистаныг цөмийн зэвсэгтэй долоо дахь орон болоход хувь нэмрээ оруулж, үндэстнийхээ хүндэтгэлийг хүлээжээ.
Гэвч Иран, Ливи, БНАСАУ-д цөмийн технологийг хууль бусаар шилжүүлэн өгсний улмаас 2004 онд баривчлагдсан нь пакистанчуудыг ихэд цочирдуулсан юм. Хожим нь телевизээр үг хэлэх үеэрээ тэрбээр, ийм үйлдэл хийсэндээ гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, хийсэн бүхнийхээ төлөө хүлцэл өчжээ.
Тухайн үед Пакистаны
Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Первез Мушарраф доктор А.Ханд өршөөл үзүүлсэн
хэдий ч тэрбээр 2009 оныг хүртэл гэрийн хорионд байсан юм. Харин А.Ханыг “бүх
цаг үеийн хамгийн аюултай цөмийн зэвсэг дэлгэрүүлэгч” хэмээн тодорхойлдог өрнөдийнхний
хувьд түүнд өршөөл үзүүлсэн явдлыг хүчтэй шүүмжилж байжээ.
Гэвч Пакистан улсдаа
тэрбээр үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн тул үндэсний
бахархал хэвээр байсан юм. “А.Хан бидэнд үндэстнээ аврах цөмийн зэвсэглэлийг
хөгжүүлэхэд тусалсан учраас баярлаж бахадсан ард түмэн түүний хичээл зүтгэлийг
хэзээ ч мартахгүй" гэж Ерөнхийлөгч Ариф Алви мэдэгдсэн байна.