Хэнтий аймаг ёслол хүндэтгэлийн өргөөтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-07-06 17:12:00

Хэнтий аймгийн томоохон цогцолборын нэг болох Чингис цамхагийн гурван давхарт байрлах “Ёслол хүндэтгэлийн өргөө"-ний нээлт болов.

Нийт хэмжээ 42м2 бөгөөд интерьерийн орчныг үндэсний хэв маяг, үүх түүхийг агуулсан шийдлээр бүтээснээрээ онцлогтой. 

Өргөөний хоймор хэсэгт Чингис хааны хөргийг залж, хар цагаан сүлд, алт мөнгөн гэрэгэ байрлуулжээ. Баруун хананд нь Бурхан Халдун хайрханы зургийг байрлуулж, хоёр талд нь Чингисийн сургаалийг  Есөн өрлөгийн хамт залжээ.     

Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын санаачилга,  АЗДТГ-ын захиалгын дагуу Засаг даргын туслах Б.Булганбаатарын интерьер зураг төслөөр “Хос бар” ХХК-ийн хамт олон гүйцэтгэж, ханын зураг болох Чингис хаан, есөн өрлөг, мөн Чингис хааны сургаал үг, Бурхан халдун хайрхны зургийг зураач “Арт галерейн” захирал Н.Батхуяг   зурж, тавилга, тоног төхөөрөмжийг "Алсын солонго" ХХК, “Квант сервис” ХХК-ийн хамт олон нийлүүлснээр ашиглалтад оров.

Энэ үеэр Хэнтий аймгийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсан ажилтан, алба хаагчдад баяр хүргэж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ганолд, Татварын хэлтсийн, улсын ахлах байцаагч С.Ихбаяр нарыг шагнаж урамшуулав.“Хэнтий аймгийн Хүндэт тэмдэг”-ээр АЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Хэрлэнчимэг, АЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбаатар нар энгэрээ мялаав. “Хан Хэнтийн алдартан” цол тэмдгээр Аймгийн ИТХ-ын дарга Ө.Цогбадрах, Чингис хотын ерөнхий архитектор Б. Энхтайван тэргүүтэй ажилтан алба хаагчдыг шагнав.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

関連ニュース