ОХУ, АНУ хоёр цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-07 10:23:01

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Уулын Карабах, Сири, Украин зэрэг газарт дэгдсэн мөргөлдөөний талаар хэлэлцэхээр  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай өчигдөр утсаар ярьсан байна.

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев болон Армены Ерөнхийлөгч Серж Саргсян нарын хооронд болсон уулзалтын үр дүнгийн талаар Ерөнхийлөгч Путин Барак Обамад танилцуулсан гэж Цагаан ордон болон Кремлийн цахим хуудсанд мэдээлжээ.

Азербайжан болон Армений хооронд хэлэлцээ явуулахад ОХУ-ын оруулж хувь нэмрийг Барак Обама сайшаасан бол В.Путин "ойрын хугацаанд тус хоёр улсын хооронд гал зогсоох тохиролцоо байгуулахыг хүсч байгаагаа" онцлон тэмдэглэжээ.

Үүнээс гадна хоёр улсын төрийн тэргүүн нар Сирийн асуудлыг хэлэлцэж, тус улс дахь “Лалын улс”, “Аль-Каида”-гийн холбоотон “Аль-Нусра Фронт” зэрэг террорист бүлэглэлүүдийг устгахын тулд цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн Сирид таван жилийн турш үргэлжилж буй иргэний дайныг энхийн замаар зохицуулах зорилгоор НҮБ-ын удирдлага дор энхийн хэлэлцээг дахин сэргээх хэрэгтэй хэмээн санал нэгджээ.

Харин тэд Украины асуудлыг хэлэлцэх явцдаа Минскийн гэрээг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг яаралтай авах хэрэгтэйг онцолжээ.

Д.Нямтулга

 

関連ニュース