Х.Клинтоны и-мэйлийн хэргийг хаалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Xinhua/. Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албаны хэрэгцээндээ хувийн и-мэйл хаягаа ашиглаж байсан гэх дуулиантай холбогдуулан хийсэн мөрдөн шалгалт ямар нэгэн ял шийтгэлгүйгээр дууслаа.
АНУ-ын Ерөнхий прокурор Лоретта Линч хэлэхдээ “Х.Клинтонд цахим шуудангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ надад мэдэгдсэн” гэв.
Энэ шийдвэрийг гаргахын өмнө ХМТ-ны захирал Жеймс Коми болон албаны бусад хүмүүстэй хатагтай Линч уулзжээ.
ХМТ өнгөрсөн мягмар гарагт “Х.Клинтон нууц мэдээллүүдэд туйлын хайхрамжгүй хандаж байсныг тогтоосон боловч энэ хэргээр түүнд эрүү үүсгэх шаардлагагүй” гэж мэдэгдсэн юм.
Гэсэн хэдий ч ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клиноны хувьд и-мэйлийн асуудал нь үүгээр дуусахгүй бололтой. Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп түүнийг эл асуудалд холбогдуулан олонтоо шүүмжлэх болжээ.
Мөн Бүгд найрамдах намын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийхдээ “олон зүйл бүрхэг хэвээр үлдлээ” гэсэн байна.
Г.Доржханд