Хятадын олон улсын импортын экспо нээгдэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын олон улсын импортын дөрөвдүгээр экспо /CIIE/ Шанхай хотноо энэ сарын 5-наас 10-ны өдрүүдэд болно.
Нийт 366 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг хамрах энэ удаагийн экспод 127 улс орон, бүс нутгийн 3000 орчим аж ахуй нэгж оролцох төлөвтэй байгаа нь өмнөх жилийнхээс өссөн үзүүлэлтүүд болж байна.
Тухайлбал, АНУ, Япон, Герман, Франц, Их Британиас оролцох аж ахуй нэгжүүд, тэдгээрийн үзэсгэлэнгээ дэлгэх талбайн хэмжээг өмнөх гурван экспогийнхтой харьцуулахад өссөн юм уу ижил түвшинд байгаа ажээ.
Мөн дэлхийн шилдэг компаниудын “Fortune 500” жагсаалтад багтдаг компани, корпорациудын оролцоо ч мөн өсөж байгаагаараа онцлогтой байна. Үүнээс гадна энэ удаагийн үзэсгэлэнд буурай хөгжилтэй 33 орны 90 аж ахуй нэгж оролцоно.
Экспогийн үеэр Хятад
улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орсны 20 жилийн ойг тохиолдуулан
өндөр түвшний форум зохион байгуулахаар товлосон байна.
Мөн олон төрлийн шинэ бүтээгдэхүүнүүдийг
дэлгэн үзүүлэх бөгөөд ухаалаг үйлдвэрлэл, мэдээллийн технологийн
хэсэгт есөн бүтээгдэхүүнийг танилцуулах бол эмнэлгийн тоног төхөөрөмж,
эмийн бүтээгдэхүүний хэсэгт өмнөх жилүүдийнхээс олон шинэ технологи,
бүтээгдэхүүнийг танилцуулах төлөвтэй байна.
Устөрөгчийн хөдөлгүүртэй
автомашин гэх мэт ногоон, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал бага технологийн
шийдлүүд экспогийн үеэр олны анхаарлыг ихэд татах төлөвтэй байна. Мөн цахим рэнминбигээр
төлбөрөө төлөх боломжтой бөгөөд гадаадын үзэгчид өөрсдийн орны мөнгөн
дэвсгэртээ Хятадын банкаар цахим рэнминбигээр солиулах боломжтой.
“Экспогийн үеэр “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад
авах арга хэмжээнүүдийг чандлан хэрэгжүүлнэ” гэж Шанхай хотын Эрүүл мэндийн
хорооны дарга У Жинлэй мэдэгджээ. Үзэсгэлэнгийн талбайд эмнэлгийн
үйлчилгээ үзүүлэх 34 цэг байгуулсан байна.