ОБГ-т хоёр автомашин гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймагт ажиллах үеэрээ ОБГ-ын албанд 2 автомашин хүлээлгэн өглөө.
Тодруулбал, Онцгой байдлын газарт Франц улсад үйлдвэрлэсэн гал унтраах иж бүрэн автомашин, Батширээт суманд гал унтраах зориулалтаар тоноглогдсон Ланд-76 маркийн автомашины түлхүүрийг гардуулсан юм.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд уг автомашиныг олгож байгаа аж.
ОБГ-т олгосон энэхүү тусгай зориулалтын автомашин нь манай орны цаг агаарын нөхцөлд тохируулан хийжээ. Тухайлбал, замын нөхцөлд тохирсон Michelin брэндийн дугуйгаар тоноглогдсон бөгөөд туулах чадвар сайтай, хүйтний нөхцөлд тохируулан хөөрөг, бүхээг, тасалгаа бүрт нэмэлт “Webasto” загварын халаагуур суурилуулсан, “мatisec” загварын иж бүрэн амьсгалын төхөөрөмж, нөөц агаар хадгалах саваар тоноглогдсон байна.
Мөн гал унтраах бодисын сав нь зэвэрдэггүй хүчитгэсэн полистер материалаар хийсэн, шуурхай ажиллах боломжтой 80 м урт дамартай хоолой бүхий өндөр даралтын хошуу, “Holmatro” загварын олон үйлдэлт аврах ажиллагааны багаж, WARM загварын татагч төхөөрөмжтэйгөөрөө онцлогтой аж.