Голын үер аюултай түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-11 15:27:52

 Аймгийн хэмжээнд голуудын усны түвшин хоногт 3-30 орчим см-ээр эрс нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрчээ.

Хур тунадас их орсоны улмаас, хангай нуруугаас их авдаг Цагаан туруут голын усны түвшин нэмэгдэж, Байдраг-Баянбүрд /Бууцагаан сум/, Шаргалжуут –Шаргалжуут голууд үерийн түвшинг давж үерлэжээ. Мөн Галуут сумын Сүмбэр, Үнэгт, Заг сумын Заг-Байдрагийн гол, Баацагаан сумын Хөх эрэг, Баянхонгор сумын Түй, Эрдэнэцогт сумын хангайн нурууны салбар уулсаас эх авдаг голууд үерийн түвшин давж үерлэн үерийн аюултай түвшинд хүрсэн байна.

Тодруулбал, Баянхонгор аймгийн хэмжээнд голуудын усны түвшин олон жилийн дунджаас Байдраг-Баянбүрд /Бууцагаан сум/, 75 см-ээр их, Заг /Заг сум/ 30 см-ээр их, Шаргалжуут /Шаргалжуут 8-р баг/ 34 см-ээр их, Цагаантуруут 56 см-ээр их, Түйн гол /Баянхонгор сум/ 23 см-ээр их, Түйн гол - /Богд сум/ 8 см-ээр их, Шар ус /Гурванбулаг сум/ 20 см-ээр их байгаа аж.

 Тиймээс аймгийн Онцгой байдлын газраас малчид, ард иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж аялал, амралт зугаалгаар явахдаа дээрх голуудын гарамаар зорчихгүй байх, бусад баталгаат зам, гүүр, гарамаар зорчихыг анхаарууллаа. Мөн үерийн эрсдэл бүхий орчиноос нүүж аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчимд тоглуулахгүй байж хуулинд заасан иргэний үүргээ ухамсарлан аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

関連ニュース