Их Британи, Австрали чөлөөт худалдааны гэрээ байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /TASS/. Их Британи, Австрали улсууд чөлөөт худалдааны гэрээ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслол пүрэв гаргийн орой цахим хэлбэрээр боллоо гэж Их Британийн Гадаад худалдааны яам мэдээлжээ.
“Их Британи, Австралийн худалдааны хэлэлцээр нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн болох манай хоёр улсын түүхэн чухал харилцааны онцгой мөч юм. Энэхүү гэрээ нь Их Британийн бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн хийгдсэн бөгөөд улс орон даяар амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд бидэнд тусална. Бид дэлхийн худалдаа, цаг уурын өөрчлөлтөд тулгарч буй сорилтод, мөн удахгүй болох технологийн өөрчлөлттэй холбоотойгоор хариу арга хэмжээ авахад үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэж Их Британийн Гадаад худалдааны сайд Энн-Мари Тревельян мэдэгдсэн байна.
Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Их Британийн компаниуд жил бүр 10 тэрбум фунт стерлингийн (13.3 тэрбум ам.доллар) үнэтэй гэрээнүүд байгуулагддаг Австралийн төрийн салбарт төрөл бүрийн бараа, үйлчилгээ нийлүүлэх тендерт оролцох боломжтой болохыг онцолж байна. Үүнээс гадна, Австралид ажил, аялал хийхээр ирсэн 18-35 насны британичууд тус улсад гурван жил визгүй зорчих боломжтой болно.
Их Британийн эрх баригчдын тооцоолсноор, хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа улс хоорондын худалдаа 53 хувиар өсөх боловч вант улсын ДНБ ердөө 0.02 хувиар өсөх учир урт хугацаандаа гэрээний үр нөлөөг бараг мэдрэхгүй байна. Энэ нь Австрали улс Их Британийн нийт экспортын дөнгөж 1.7 хувь, импортын 0.7 хувийг эзэлдэгтэй холбоотой аж.
Талууд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Австралийн Засгийн газрын тэргүүн Скотт Моррисонтой Лондонд уулзсаны дараа өнгөрсөн зургаадугаар сард худалдааны хэлэлцээртэй холбоотой зарчмын тохиролцоонд хүрчээ. Сүүлийн зургаан сарын хугацаанд талууд гэрээний эцсийн хувилбарыг тохиролцсон бөгөөд одоо хоёр улсын парламент соёрхон батлах ёстой.