Дэд ерөнхийлөгчид Индиана муж улсын захирагчийг нэр дэвшүүлэхээр сонгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас /БНН/ нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Дональд Трамп дэд ерөнхийлөгчийн сонгуульд Индиана муж улсын захирагч Майк Пенсийг өрсөлдүүлэхээр сонгосноо албан ёсоор танилцууллаа.
Тэд өчигдөр Нью-Йорк хотод анх удаагаа хамтарсан хэвлэлийн бага хурал хийжээ. Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг албан ёсоор батлах Бүгд Найрамдах намын их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө тэрбээр ийм мэдэгдэл хийлээ.
Трамп мэдэгдэл хийхдээ “тэр бол хөндлөнгийн хүн. Пенсийг сонгосон шалтгаануудын нэг бол намын эв нэгдэл” гээд “нам дотроо эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэж олон хүн үзэж байгаа” гэжээ.
Мөн Индиана муж улсын захирагчийн удирдах чадвар, эдийн засгийн салбарт гаргасан ололт амжилт нь Трампыг ийм сонголт хийхэд ихээхэн нөлөөлсөн байна. Трампын хэлснээр, Пенсийг захирагч болсноос хойш Индиана муж улсад ажилд орсон хүмүүсийн тоо нэмэгджээ.
Нэг намынхан шиг, нэг хүн шиг байж, Америкийг дахин аугаа Америк болгоцгооё гэж Бүгд найрамдах намынханд хандан Пенс уриалсан байна.
Өдгөө 57 настай Пенс муж улсын захирагч болохынхоо өмнө Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд 12 жил суусан аж.
БНН найман жилийн дараа ирэх 11 дүгээр сард болох сонгуулиар Цагаан ордны тэргүүний суудлыг эргүүлэн авах зорилт тавиад байгаа юм.
Г.Доржханд