Тэргүүний тариаланч Г.Магсар сумынхаа төмс хүнсний ногооны 20-25 хувийг дангаараа бүрдүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-25 22:44:34

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Онгон сумын иргэн Гомбын Магсар 1977 оноос буюу Онгон сумын Хавиргын булгийн 18 га талбайг услалтын системтэй болсон цагаас эхлэн өнөөг хүртэл 50 гаруй жил газар тариалан эрхэлсээр өдийг хүрчээ. Тэрээр сумынхаа төмс, хүнсний ногооны 20-25 хувийг дангаараа бүрдүүлдэг аж. Г.Магсар гуай 70 насны босгыг хэдийнэ давжээ.

Г.Магсар бар жилийн босгон дээр аймгийн тэргүүний тариаланчаар шалгарсан бөгөөд түүний шагналыг аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир болон холбогдох хүмүүс гардуулан өгсөн юм. Тэрээр шагналаа гардах үеэр хүн хөдөлмөрлөх тусам илүү эрмэлзэл, тэмүүлэлтэй болдог хэмээн залуу үедээ хандаж хэллээ. Эднийх ногоогоо 100 хувь малын бууцаар борддог учраас цэвэр органик хүнсний ногоотой. Тийм ч учраас сумынхан нь хэрэглэсээр дасал болжээ. Ногооны талбайдаа гар нийлсэн ажилтнуудтай. Зарим нь 1990-ээд оноос эхлэн хамтарсан тууштай хүмүүс ч бий гэнэ.

Түүний хувьд жилдээ тогтмол нэг га талбайд төмс, 0,5 га талбайд хүнсний ногоо тарьдаг. Жилдээ 4-5 тонн хүнсний ногоо, 7-8 тонн төмс хураан авдаг. Түүнчлэн 130 м2 талбай бүхий хүлэмжид улаан лооль, чинжүү тариалж байна. Талбайд нь жимсний мод ч бий. Алга дарам газарт ч ногоо тарьдаг хүн дээ хэмээн хүүхдүүд нь ярьж байна.

Сүхбаатар аймаг тариалангийн бүс нутагтай харьцуулахад төмс хүнсний ногооны хангамж өндөр биш. Тухайлбал, төмснийхөө 20, хүнсний ногооныхоо 7 орчим хувийг л дотоодын хэдэн тариаланчдаасаа авч хэрэглэдэг ч Г.Магсар гуай шиг газар тариаланд бие сэтгэлээ зориулдаг цөөнгүй хүмүүс бий гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир тодотгов.

 

関連ニュース