Аварга малчин Б.Хатанбаатарын аав ээж нь мөн улсын аваргууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Бар жилийн босгон дээр тус аймгаас төрсөн улсын аварга
малчин өрхийн нэг бол Сүхбаатар сумын Ланз багийн малчин Б.Хатанбаатар түүний
гэргий Г.Бямбасүрэн нар. Б.Хатанбаатарын хувьд удам дамжсан малчин бөгөөд
аварга аав, ээжийн хүү юм. Тодруулбал, аав Б.Балжинням нь 2010 онд улсын аварга
малчин, ээж Г.Сумъяа нь 1989 онд буюу улсын аварга саальчин цолыг хүртэж
байжээ.
Б.Хатанбаатар аавынхаа
63 насандаа гаргаж байсан амжилтыг 48-тайдаа гаргаж, малчин удмынхаа амжилтын
буухиаг ийнхүү үргэлжлүүллээ. Наймдугаар ангиа төгсөөд үргэлжлүүлэн сурах
хүсэлтэй байсан ч аавынхаа үгийг дагаж малчин болж, 1990 оноос хойш 31 дэх
жилдээ хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Улмаар 1996 онд гэргий
Г.Бямбасүрэнтэйгээ ханилснаар бие даан мал маллаж, өнөөг хүртэл мал сүргээ
өсгөхийн зэрэгцээ орон нутгийнхаа зургаан залуу гэр бүлийг туслах малчнаар
ажиллуулж, бүгдийг 420 хүртэлх малаар малжуулжээ. Мал маллана гэдэг гэр бүлийн
хамтын хичээл зүтгэл байдаг. Бидний хувьд малынхаа чанар, үүлдэр угсааг
сайжруулах тал дээр түлхүү анхаардаг. Мөн сүүгээ жилийн дөрвөн улиралд
боловсруулж, хэрэгцээт бүхий л цагаан идээгээ өөрөө хийдэг гэж гэргий
Г.Бямбасүрэн ярьж байлаа. Тэднийх өнгөрсөн онд 1200 гаруй мал тоолуулжээ.
Өөрийн орон нутагт дасан зохицсон өндөр ашиг шимт нутгийн шилмэл омгийн хээлтүүлэгч ашиглаж мал сүргээ чанаржуулахад анхаардаг байна. Тухайлбал адуугаа нутгийн хурдан удмын адуугаар, үхрээ махны чиглэлийн улаан бухаар, хонин сүргээ Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын барга, Эрдэнэцагааны үзэмчин үүлдрийн хуцаар, ямаан сүргээ Баяндэлгэрийн улаан ухнаар сайжруулж ашиг шимийн дээд үзүүлэлтэд хүргэжээ. Мөн мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэжмээнд тогтмол хамруулан, малаа эрүүлжүүлж, эрүүл малаас ашиг шимийг нь авахад гойд анхаардаг мал маллагааны арга туршлагыг өвөг дээдсээсээ өвлөн авч хэрэгжүүлж яваа малчин аж.
Б.Хатанбаатар нь мал
хувьд шилжсэнээс хойш Сүхбаатар сумаас төрөн гарч буй долоо дахь улсын аварга
малчин юм. Мөн нэг гэр бүлээс улсын аварга гурав тодорч байсан тохиолдол
Сүхбаатар аймагт анхных аж. 1989 онд аварга саальчин болоход шагналд нь иж
бүрэн тавилгатай өргөө цагаан гэр өгч байсан юм. Тэр гэртээ хүүгээ өрх тусгаарлан гаргаж байсан. Бас одоогийн нутаглаж буй энэ хотонд аав нь анх улсын аварга
малчин болж байлаа. Ингээд бодохоор үнэхээр сайхан билэгшээлтэй байна. Тухайн
гэрийг одоо ч сайхнаар нь авч яваа хүү, бэр хоёртоо их баярладаг. Эрдэнэт мал
сүргийн буян, удмын минь буян заяаг үргэлж түшиж явах болтугай хэмээн ээж
Г.Сумъяа нь хуучиллаа.
Тэрээр өөрийн мал
сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ сум орон нутгийнхаа бүтээн байуулалт, хөгжил
дэвшил болоод бусад сайн үйлсийн ажилд малчдаа уриалан идэвхийлэн оролцож,
байнгын хандив тусламжийг үзүүлдэг гэдгийг орон нутгийн удирдлагууд онцлов.