Цэргийн эргэлт болох гэж байгааг Оросын тал Эрдоганд сэрэмжлүүлж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-07-21 17:40:35

ТЕГЕРАН./TASS/. Цэргийн эргэлт хийхээр бэлтгэж байгаа тухай мэдээллийг уг үйл явдал болохоос хэдхэн цагийн өмнө Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Оросын талаас хүлээн авчээ. Энэ тухай Ираны мэдээллийн “Фарс” агентлаг дурдсан байна.

Цэргийн эргэлтийн талаарх мэдээллийг Анкара хот дахь дипломат эх сурвалжуудаас Арабын хэд хэдэн хэвлэлд өгсөн ажээ. Түүнээс гадна, Туркийн Үндэсний тагнуулын газар “цэргийн эргэлт гарах нь гарцаагүй болсон” гэсэн мэдээллийг Оросын тагнуулын байгууллагаас авсан гэж Арабын ертөнцийн сонин хэвлэлүүдэд бичиж байна. 

Ямар замаар дээрх мэдээллийг олж авсан байх боломжтой вэ? Тус бүс нутагт байрлаж буй Оросын цэргийнхэн радио долгионоор цацагдсан хуйвалдагчдын яриаг тэмдэглэж авчээ. Тухайлбал, армийн хэд хэдэн нисдэг тэргийг Эрдоганы байрлаж байсан Мармарис дахь зочид буудал руу илгээж, түүнийг устгах буюу баривчлах талаар хуйвалдагчид хоорондоо ярилцаж байсан аж. 

Хуйвалдагчдын яриаг хэрхэн “барьж авсан” нь одоогоор тодорхойгүй байгаа боловч Сирийн “Хмеймим” агаарын цэргийн хүчний бааз дахь төхөөрөмжөөр үүнийг илрүүлсэн байх магадлалтай гэж “Фарс” агентлаг үзэж байна.  

Х.Сарнай

関連ニュース